Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүрэн эрхийн “тоолуур” өнгөрсөн сарын 10-наас гүйж эхэлсэн. Засгийн газрын тухай хуулийн дагуу тэд үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төслийг бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш 60 хоногийн дотор УИХ-д өргөн барих ёстой. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглалынхан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө ирэх сарын эхний долоо хоногоос хэтрүүлэлгүй УИХ-д уламжлах учиртай. Ирэх аравдугаар сарын 1-нд энэ удаагийн парламент анхны буюу 2024 оны намрын чуулганаа эхлүүлэх тул Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг ээлжит бусаар хэлэлцэн батална гэсэн үг. Засгийн газраас ч дээрх төсөлд санал авах хэлэлцүүлгийг салбар бүрд зохион байгуулж эхэлсэн бөгөөд ойрын үед УИХ-д өргөн барихаар төлөвлөж буй сурагтай.
Парламентын ес дэх удаагийн сонгуульд 68 суудал авч, олонх болсон МАН Засгийн газартаа АН, ХҮН намыг урьж, 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Үүнд үндэслэн гэрээ байгуулахаар ажлын хэсэг ч томилсон билээ. Засгийн газрын бүрэлдэхүүн дэх МАН, АН, ХҮН намын ирэх дөрвөн жилд хамтран ажиллах эл гэрээнд тулгуурлан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулж буй.
Ямартай ч дээрх гурван намын байгуулах гэрээг “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хэмээн нэрлэхээр төсөлд тусгаж. Улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намынх хоёрдугаарт, хувийнх нь эцэст байх ёстойг сануулсан С.Зоригийн үгийг эрхэм болгон ажиллах нь хэмээн ойлгогдоно.
Тэд хамтын ажиллагааны үндсэн зарчмаа ийн тодорхойллоо ч баримталж, хэрэгжүүлэх, эсэх нь өөр хэрэг. Үүний тулд харилцан ойлголцол, итгэлцэлд тулгуурлан ямар ч асуудлыг зөвшилцлийн замаар шийдэх учиртай. Ойлголцол, итгэлцэл гэдэг нь алдаа, завхралыг харсан ч хараагүй мэт нүүр буруулж, нүдэн балай, чихэн дүлий явахын нэр биш гэдгийг эрхбиш ухаарч буй хэмээн найдна.
Гэхдээ ердөө сар гаруйхны өмнө, цаашилбал сонгуулийн жил гарснаас авхуулаад эрх баригчид “С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг”-ийг хөзөр болгосныг сануулах нь илүүц байж ч мэднэ. Эл хэрэгт “холбогдсоноороо” хэдийн танил болсон хэн бүхнийг оролцуулсан нэвтрүүлгийг орон даяар удаа дараа цацаж, ялтны яриаг шоронгоос шүүлтүүргүй түгээснийг өрсөлдөгчид нь хамгийн их шүүмжилсний дотор АН-ынхан толгой цохино. Харин одоо тэд хөтлөлцөөд энэ тухай санах сөхөөгүй яваа. С.Зоригийн үхэл МАН-ын ч, АН-ын ч сонгуулийн хөзөр, ер нь улс төрд урагшлах гэсэн хэн бүхний өгсөж мацдаг гишгүүр байсаар ирсэн нь нууц биш. Цаашид эл хэргийг хамтарсан Засгийн газрын өнгөн дээр хэрхэн шийдвэрлэхийг харах нь харин сонирхолтой.
МАН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ЖИН ДАРАХ ГЭРЭЭ
Хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулахдаа сонгуулиар дэвшүүлсэн гурван намын мөрийн хөтөлбөрт тусгасан нийтлэг зорилтыг нэгтгэх нь ойлгомжтой. Гэхдээ МАН-ын мөрийн хөтөлбөрөөс нийгмийн бодлогын реформ, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, сүүлийн найман жилд эхлүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах зорилтуудыг тусгаж, тулгуур багана болгох нь. Харин АН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан хувийн өмчийн эрхийн хамгаалалт, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах зорилтуудыг дээрх гэрээнд сорчлон оруулахаар ярилцаж буй гэнэ. ХҮН намын мөрийн хөтөлбөрөөс эрчим хүчний салбарын либералчлал, боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэх саналуудыг нь удирдлага болгохоор гэрээг боловсруулж байгаа сурагтай. Үүнээс гадна УИХ-д суудалтай ИЗНН, Үндэсний эвслийн саналыг авч тусгана гэж байгаа ч зааж оруулах нь юу л бол. Гэхдээ ямар ч тохиолдолд мөрийн хөтөлбөрүүд, цаашлаад шилж сонгож авсан заалтуудаа өөр хооронд, салбар дунд нь хэрхэн уялдуулж, яв цав нийцүүлэх вэ гэдэг нь чухал. Мэдээллийн солилцоо ч шуурхай байх ёстой хэмээн хамтын ажиллагааны гэрээний төсөлд нарийвчлан тусгаж буй бололтой. Үүнд гэрээний төслийг боловсруулахаас авхуулаад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлах хүртэлх бүхий л шатанд нямбай, няхуур хандах учиртай. Цаашлаад хамтын ажиллагааны гэрээний төсөлд талууд буюу МАН, АН, ХҮН намын аль аль нь гэнэтийн шийдвэр гаргахгүй байх, хамтын хариуцлага хүлээх гэх мэтээр зарчмаа тусган ярилцаж байгаа гэнэ. Үнэхээр ч Ч.Сайханбилэгийн Засгийн газраар “овоглодог” Дубайн гэгдэх гэрээг танхимын гишүүд нь мэдээгүй хэмээн мэлзсэн шиг нөхцөл үүсгэхгүй бол сайн сан.
Ээлжит бус чуулганаар хэлэлцэх өөр нэгэн асуудал нь төсвийн тодотгол. Өнөөгийн Засгийн газар 23 сайдтай байгаа нь манай гүйцэтгэх засаглалын түүхэнд байгаагүй нүсэр бүтэц болоод буй.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхдугаар чуулганыг хаахдаа “Хамтарсан Засгийн газрын зүгээс Шинэ сэргэлтийн болон бүсчилсэн хөгжлийн бодлого, Үндэсний баялгийн сан, “20 минутын хот”, “Шинэ хоршоо”, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг бодлого, арга хэмжээг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй. Эдгээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь Монгол Улсын эрх ашигтай холбоотой. Иймд энэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байгаа намууд үндэсний зөвшилцөл бий болгож, бодлогын залгамж чанарыг хадгалсан, ирээдүйг харсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” боловсруулна гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон. Харин Ерөнхий сайд юуны түрүүнд эдийн засаг, хөгжлийн бодлоготой шинжлэх ухааныг уялдуулж, аливаа асуудлыг шинжлэх ухаанч, бүтээлч байдлаар их өгөгдөлд тулгуурлан шийдвэрлэх, бүх салбарт тухайлсан шинжилгээг хийж байх бодлогын өөрчлөлтийг оруулж буйгаа илэрхийлснийг сануулъя. Энэ бүхэн үндсэндээ хамтын ажиллагааны гэрээний төсөлд тусгалаа олж буй гэлтэй. Тухайлбал, талууд улс орны өмнө тулгамдсан асуудал, сорилтыг даван туулахын тулд хэрэгжүүлэх арга хэмжээний тэргүүлэх чиглэлд дээрх зүйлсийг багтааж. Тухайлбал, байгаль орчинд ээлтэй, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, тогтвортой эрх зүйн орчин бүхий уул уурхайн салбарыг хөгжүүлж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилго бүхий Үндэсний баялгийн санг бэхжүүлж, тус сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэнэ. Мөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан нүүдлийн мал аж ахуйд тулгамдаж буй сорилтыг даван туулах ажлын хүрээнд хоршоолох, цөлжилтийн эсрэг арга хэмжээ, гамшгийн эсрэг менежментийг шинэ түвшинд гаргана хэмээн тусгах бололтой. Үүний сацуу Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрийг үргэлжлүүлэх талаар эх сурвалжууд өгүүлж буй.
НҮСЭР БҮТЦИЙН “НҮХ”-ИЙГ ТАГЛАХ ТОДОТГОЛ
Цаашлаад төрийн үйл ажиллагааны ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэн, хүний оролцоогүй, хиймэл оюун ухааны тусламжтай үйлчилгээ үзүүлэх ухаалаг “E-Mongolia” нэгдсэн системийг хөгжүүлэх талаар ч дурдаж байна. Бас боомтын сэргэлтийн болон “Go Mongolia” аялал жуулчлалын бодлого, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг тэргүүн ээлжид эрэмбэлэх сурагтай. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомттой холбох “Таван тойрог” дэд бүтцийн мега төслийн их бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, нийслэл хот дахь төрийн байгууллагуудын хэт төвлөрлийг задалж, Засгийн газрыг Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хот руу нүүлгэх зэргээр эрх баригчдын дэвшүүлсэн, эхлүүлсэн ажлуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой заалтууд гэрээнд жин дарж, голлох нь. Түүнчлэн Шинэ Хархорум, Шинэ Зуунмод хотуудын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслийг үе шаттайгаар урагшлуулах, нийслэл болон Богдхан уулыг тойрсон хурдны зам барьж, Улаанбаатарыг Хөшигийн хөндийтэй холбосон “Go Mongolia” гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын төсөл, “20 минутын хот”-ын төлөвлөлт хийх зэргийг нэрлэж болно.
Ээлжит бус чуулганаар хэлэлцэх өөр нэгэн асуудал нь төсвийн тодотгол. Өнөөгийн Засгийн газар 23 сайдтай байгаа нь манай гүйцэтгэх засаглалын түүхэнд байгаагүй нүсэр бүтэц болоод буй. Шадар сайдын тоог нэгээр нэмж, Хяналт, үнэлгээний үндэсний хороо байгуулан, даргаар нь сайд томилох зэргээр бүтэц, бүрэлдэхүүнийг нь шинэ орон тоогоор өргөтгөсөн учраас төсөвт зохицуулалт хийх шаардлага тулгарав. Цаашлаад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан санхүүжилтийг нь өөрчлөн тодотгохоор буй юм билээ.