Улаанбаатар хотод бороо орсны дараах уршиг их. Зам, талбай эвдэрч, айл өрх, барилга байгууламж усанд автахын зэрэгцээ хөрс ихээр бохирддог. “Үерийн дараа гэр хорооллын нүхэн жорлонгийн өт урсаж байна. Нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай” гэх мэдээлэл цахим орчинд тархсан юм. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхнаас тодруулахад “Өнгөрсөн зургаадугаар сараас хойш нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд бохирдсон талбайг ариутгаж байгаа. Эхлээд бохирдсон хөрснөөс дээж авч, үндэсний лабораторид шинжлүүлдэг. Ингэхэд гэдэсний савханцраас эхлээд 3-4 төрлийн нян илэрсэн. Ариутгал, халдваргүйтгэл хийсний дараа дахин шинжилдэг. Хамгийн сүүлд гэхэд Сэлбэ голын ай сав газрын дагуух гэр хорооллын айл өрх, хогийн цэг орчмыг ариутгалаа. Сүхбаатар дүүргийн ес, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хөрсний бохирдол их байна. Гэр хорооллын нүхэн жорлонгийн бохирдол хөрс рүү нэвчсэн. Гэхдээ цахимд тархсан шиг бохирдол үүссэн газрын мэдээлэл алга” гэв.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зарласан тендерийн дагуу ариутгалын ажлыг тусгай зөвшөөрөлтэй компаниуд гүйцэтгэдэг аж. Халдваргүйжүүлэлтийг сар, улирал тутамд хийх ёстой бөгөөд одоогоор найман сая ам метр талбайг ариутгажээ. Үүнд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан талаар албаны хүн нь хэллээ.
Бэлтгэсэн Ч.Туяа