Баян-Өлгий, Ховд аймгийн газар нутгийг дамнан орших Мөнххайрхан уулын мөстлөгийн зузаан нэг жилийн хугацаанд 3.3 метрээр багассан судалгааны үр дүн гарсныг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбараас мэдээллээ. Тус салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд тухайн бүс дэх мөстлөг, мөсөн голууд хэр зэрэг хайлж байгааг судлах зорилгоор өнгөрсөн онд мониторингийн зориулалттай шонгуудыг Долоон нуурын хөндий хэсэгт суулгасан юм байна. Тэгвэл энэ зун хийсэн анхны хэмжилтээр дээрх үр дүн гарчээ. Энэ нь Италийн Валле дэх Гранд Этрет мөстлөгийн дундажтай харьцуулахад 60 см-ээр илүү хайлсан үзүүлэлт гэнэ. Хамгийн хурдтай хайлсанд тооцогддог Гранд Этретийн мөстлөг өдөрт дунджаар 3.4-4.7 см-аар багассан нь тогтоогдсон бол Мөнххайрханых үүнээс ч идэвхтэй “нимгэрч” байгаа аж.
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Ц.Билгүүн, Х.Тэмүүжин нар энэхүү судалгааг илүү бодитой болгож, удаан хугацаанд үргэлжлүүлэхийн тулд тус ууланд дахин 10 шон нэмж суулгажээ. Мөнххайрханд мөстлөг эрчимтэй хайлж буйгаас үүдэлтэйгээр 1.5 метр урт, 70 см өргөнтэй, 50 см гүн, тухайн бүсдээ хамгийн томд тооцогдох нүхэн толбо үүссэнийг судлаачид хэмжилтийн явцдаа тогтоосон байна.
Бэлтгэсэн Н.Мишээл