Богдхан уулан дахь явган аяллын зам, маршрутаар болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчихыг тус хэсгийг хариуцсан хамгаалалтын захиргаанаас нийслэлчүүдэд анхааруулав. Хүчтэй аадар борооноос үүдэлтэй аянга цахилгаан, хөрсний гулгалт, салхи шуурганы нөлөөгөөр мод, бут унах тохиолдол сүүлийн үед элбэгшжээ. Үүнээс болж зам, жим хаагдах, иргэд модонд даруулах, бэртэж гэмтэх эрсдэл нэмэгдээд буй гэнэ. Богдхан уулын дархан цаазат газрын ойн санг бүрдүүлэгч моддын 59 хувь нь хөгшин, 25 хувь нь дунд насных байгаа нь цаг агаарын эрс тэс байдлаас үүдэлтэй энэ төрлийн эрсдэлийг улам нэмэгдүүлж буйг байгаль хамгаалагчид дурдлаа.
Өнгөрсөн долоо хоногт орсон борооны улмаас Дугуй цагаан, Цэцээ гүн чиглэлийн замд цөөнгүй тооны мод унаж, явган аяллын маршрутууд хаагдсан байна. Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны алба хаагчид иргэдтэй хамтран Манзушир-Цэцээ гүн, Төрхурах-Цэцээ гүн, Зайсан-Дугуй цагаан чиглэлийн зам дагуух унанги моддыг холдуулж, аялагчид алхахад саадгүй болгожээ. Гэхдээ ийм эрсдэл дахин тохиох аюултайг сануулав. Түүнчлэн бороо их орсноос явган аяллын замууд усанд автаж, хөрсний гулгалт ихэссэн тул халтирч унах эрсдэл ихэссэнийг ч анхаарууллаа.