Сутай хайрхан уулын мөсөн унжлага нь 2022 оныхоос 10 орчим метрээр багасаад байгааг “Жаргалант” уулчдын клубээс мэдээллээ. Тэд өчигдөр уг ууланд авирах үеэрээ энэ талаар хуваалцсан бөгөөд мөсөн унжлагынх нь хэмжээ 2022 оныхоос багасаж, хайлсныг дурдсан юм. Сутай хайрхан нь төрийн тахилгатай уул агаад хиргисүүр, буган чулуун хөшөө зэрэг археологийн олдворыг хадгалж байдаг. Мөн цоохор ирвэс, аргал янгир зэрэг амьтны өлгий нутаг аж. Энэ нь Говь-Алтай аймгийн Дарви, Тонхил, Ховдын Дарви, Цэцэг сумдын нутгийг дамнан 60 км үргэлжилдэг мөнх цаст уул юм.
Уулын цас ийн хайлж буйг Ховд аймгийн Дарви сум дахь Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаатай холбон тайлбарлах хүн ч байв. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гэсэн нь ч байлаа. Ховд, Говь-Алтай аймгийн байгаль хамгаалагч нар хамтран Сутай хайрханыг хамгаалдаг гэнэ.
Бэлтгэсэн А.Үл-олдох