Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумд ашигт малтмал олборлож буй “Эм Эс бэл майнинг” компанийн үйл ажиллагааг зогсоосноо өчигдөр орон нутгийн холбогдох албаныхан мэдээлэв. Тус компани нь Онгийн голыг бохирдуулж, улаанаар урсаж байгаа талаар Зүүнбаян-Улаан сумын байгаль хамгаалагч аймгийнхаа БОАЖГ-т мэдэгджээ. Үүний дагуу байгаль орчны хяналтын улсын байцаагч нар шалгалт хийж, Онгийн хамгаалалтын далан нь сэтэрснээс дээрх компанийн нь ашигт малтмал олборлоход ашигласан бохир ус гол руу нийлснийг тогтоосон аж. Тиймээс тус компанийн үйл ажиллагааг зогсоогоод буй юм.
Одоогоор сэтэрсэн даланг дээрх компаниар засуулаад байгаа гэнэ. Мөн цаашид даланг бэхжүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх үүргийг аймгийн БОАЖГ-аас өгчээ. Түүнчлэн хууль хяналтын байгууллагынхан зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Мөн хоёр цэгээс усны дээж авч лабораторид шинжлүүлж байгаа аж. Тус компани нь Өртөнтийн урд дэнжийн хэсэг нэртэй, алтны үүсмэл болон шороон ордод олборлолт явуулж байжээ.
Бэлтгэсэн А.Үүл