Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төвийг энэ сарын 8-нд нээнэ. Хэнтий аймгийн Бэрхийн уурхайг хаасан тул Уулын цехийн хэсгийг музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв болгохоор Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд 2018 онд шийдвэрлэсэн юм. Үүний дагуу тус уурхайг музейн зориулалтаар ашиглах талаар судалгаа хийж, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг тухайн жил байгуулж байлаа. Төслийн багийнхан БНСУ, ХБНГУ-аас туршлага судалж, техник, эдийн засгийн үндэслэлийг нь 2020 онд батлуулсан аж.
Байгууламжийг ийнхүү ашигласнаар нөхөн сэргээлтийн жишиг болгох, хаагдсан уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах ач холбогдолтой гэнэ. Түүнчлэн уурхай дагасан хот, тосгоны иргэдэд ажлын байр бий болгох аж. Мөн уул уурхайн чиглэлээр суралцдаг оюутнууд, судлаачдын судалгааны бааз болгож ашиглах боломжтой юм байна.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн