Хэнтийн нуруунаас эх аван урсдаг Онон голын усны түвшин эрс нэмэгдэж, 34 жилийн түүхэн дээд хэмжээнд хүрч үерлээд буйг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас мэдээллээ. Хэнтий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан тооцооллоор тус голын усны түвшин уржигдар Биндэр сум орчимд 304 см-т хүрчээ. Энэ нь түүхэн дээд хэмжээнд тооцогдож байсан 1990 оны үзүүлэлтээс дөрвөн см-ээр дээшилсэн дүн гэнэ. Өчигдрийн байдлаар Онон голын усны түвшин өмнөх өдрийнхөөсөө 10 см-ээр буурсан ч үерийн түвшнийг 14-22 см-ээр даваад байв. Түүнчлэн Хэнтийн Дадал сум орчимд үерийн аюултай түвшнийг 100 см-ээр даваад буйг орон нутгийн цаг уурын байгууллагынхан мэдээллээ. Мөн Эг, Барх гол Батширээт сумын чиглэлд хүчтэй үерлэж байгааг анхааруулсан юм. Наймдугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй тул томоохон гол, нууруудын усны түвшин нэмэгдэж, үерийн аюул дагуулж болзошгүй гэнэ. Энэ сарын 2-4-нд гэхэд ихэнх нутгаар бороо орохыг иргэдэд анхааруулж, орон нутгийн зам, гол, нуурын сав газарт сонор сэрэмжтэй зорчихыг зөвлөлөө.
Бэлтгэсэн Н.Мишээл