Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн санаачилгаар тус салбарын яамны бүтцийг өөрчилж, Инновац, бүтээмжийн хэлтэс байгуулжээ. Энэ нь байгаль орчин, уур амьсгалын салбарт тулгамдсан асуудлыг шийдэх шинэ санаачилга, инновацыг бий болгох, хөгжүүлэх зорилготой юм байна. Үүний хүрээнд тодорхой нэг асуудлаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, судлаач, мэргэжилтнүүдийг хамруулсан хэлэлцүүлэг, хурлыг яамны хэмжээнд долоо хоног тутамд зохион байгуулахаар болжээ. Эл арга хэмжээгээ “Бүтээмжийн цаг” гэж нэрлэсэн аж. Яамныхан хамгийн эхний хурлаа хог хаягдлын менежментийг сайжруулах асуудлаар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд уржигдар хийсэн байна.