2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтан хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсноо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Нийслэлийн есөн дүүргийн 15 байршилд ийм арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлэх нь. Сурагч, оюутан, эцэг, эхчүүдэд ойрхон, хүртээмжтэй, харьцангуй хямд үнээр хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, шаардлагатай бусад хэрэгслийг худалдан авах боломжийг үзэсгэлэн худалдаагаар бүрдүүлэх зорилго тавьжээ. Үүнд үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид өргөнөөр оролцох гэнэ.
Баянзүрхэд гурав, Сүхбаатар, Баянгол, Хан-Уулд тус бүр хоёр, бусад дүүрэгт нэг байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулах нь. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт Б.Цэрэндоржийн гудамж, Баянзүрхэд “Дүнжингарав” худалдааны төв, Чингэлтэйд Тусгаар тогтнолын талбайд үзэсгэлэн худалдаа гаргах нь. Мөн Хан-Уулд Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн, Баянголд 10 000 нэрийн барааны дэлгүүрийн урд талбайд гэх зэргээр үзэсгэлэн худалдаа явуулах байршлуудыг тогтоосон байна.
Бэлтгэсэн М.Оч