Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Жаргалантын аманд нэг км үерийн далан барих ажлыг өчигдрөөс эхлүүлжээ. Тухайн хэсэгт байрладаг Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүд өмнөх жилүүдэд үерт авдаг байсан аж. Тиймээс үерийн далан барих ажлыг 2022 оноос эхлүүлж, өнгөрсөн хугацаанд 800 метр байгууламж бий болгосон гэнэ. Тэгвэл өдгөө даланг нэг км-ээр уртасгаж, өргөтгөх ажлыг сарын хугацаанд хийж дуусахаар төлөвлөснөө “Геодез, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас мэдээлэв.
“Улаанбаатар хотод нийт 450 км орчим үерийн далан шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарсан. Харин манай байгууллага одоогоор 163 км үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ашиглалтыг хариуцаж ажилладаг. Жаргалантын аманд үерээс хамгаалах барилга, байгууламж барих ажлын зураг төслийг манай байгууллагаас боловсруулж, угсралтыг нь эхлүүлээд байна” гэж дээрх газрын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан мэдээлэв.
Ташрамд дурдахад, үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн засвар шинэчлэлтийн хүрээнд энэ онд Энхтайваны гүүрэн доор далавч хана, Хайлаастад далан барьж буй гэнэ. Мөн 25 дугаар эмийн сангийн хойно, “Сүнжин гранд” зочид буудал болон “Бөмбөгөр” худалдааны төв орчмын үерийн далангийн босоо ханыг засварлаж байгаа аж. Эдгээр ажлын явц одоогоор 60 хувьтай юм байна.