Монгол, БНСУ-ын цаг уурын байгууллагууд хамтран “Монгол Улсад цаг уурын ажиглалтын мэдээ, мэдээллийн нэгдсэн системийг суурилуулах төсөл” хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд манай улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, тус орны Цаг уурын алба хамтран “Цаг уурын ажиглалтын мэдээ, мэдээллийг ашиглах чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг Өмнөд Солонгост зохион байгуулж байна. Сургалтад Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Цаг уур, орчны шинжилгээний газар болон Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн найман мэргэжилтэн хамрагдаж буй аж. Солонгос мэргэжилтнүүд манай цаг уурчдад AWS буюу цаг агаарын автомат систем, аэрологийн станц, өгөгдөл бүртгэгч төхөөрөмж зэрэг орчин үеийн дэвшилт технологиудыг ашиглах арга зүй, ажиллагааны зарчим, тохиргоо, шинэчлэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцаж байгаа гэнэ.
Бэлтгэсэн Н.Мишээл