Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь Хан Хөхийн нуруунд Сибирь шинэсний дугтуйт (Coleophora Sibirica flav) болон эгэл бийрэн сүүлт (Lepidoptera erebidae) хэмээх хөнөөлт шавж голомтлон тархсаныг ойн мэргэжилтнүүд тогтоожээ. Эдгээр нь бусад шавжтай харьцуулахад манай оронд ховор тархалттайд тооцогддог байна. Ялангуяа Сибирь шинэсний дугтуйт эрвээхэй Монголд одоогоор зөвхөн Хан Хөхийн нуруунд бүртгэгдээд байгаа гэнэ. Энэ төрлийн шавж хэт олширсноор бусад бүс нутагт тархах эрсдэлтэй тул Өндөрхангай сум дахь ойн ангийн мэргэжилтнүүд Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны алба хаагчид, “Сайхан ойн төлөө” ХХК-ийнхантай хамтран устгал зохион байгуулж эхэлжээ.
Тус сумын нутагт нийт 7000 га талбайд шавжийн тархалтыг хязгаарлах тэмцлийн ажил өрнүүлэхээс 4000 га-д нь үүргийн шүршигч багажаар бактерийн бэлдмэл цацсан аж. Тодруулбал, Хан Хөхийн нурууны ар хэсэг буюу Уужим булан, Агуйт, Хар асга, Улаан энгэр, Шажингийн овгор, Улаан дэлийн ар, Могойн гозгор, Их, Бага дугуй, Хар усан даваа, Алтан бургас, Далтын ар, Сонин хангай, Хар ганга, Шоргоолж, Цагаан нохойт зэрэг газарт шавж устгагч бэлдмэл шүршсэн байна. Ташрамд дурдахад, манай улс энэ жил нийт 341 мянган га талбайд хөнөөлт шавж устгах ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийхээр төлөвлөснөөс өдгөө 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.