Баян-Өлгий аймгийн эко клубийн сурагчид Сайр ууланд гурав дахь жилдээ судалгаа шинжилгээ эхлүүлээд буй талаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээлэв. Ирвэс, янгир, аргаль зэрэг зэрлэг амьтан, олон төрлийн ховор, нэн ховор ургамалтай, уур амьсгалын өөрчлөлтийн илтгэгч мөнх цас, мөсөн голуудтай Сайр уулын экосистемийн өөрчлөлтийг судлах зорилгоор дээрх олон улсын байгууллага 2022 оноос “Сайр уул, шувууны нүдээр” хөтөлбөрийг санаачилж байжээ. Сурагчид мөнх цас, мөсөн голууд хэр зэрэг хайлж байгааг тогтоохын тулд өнгөрсөн онд тухайн бүсэд найман шон суулгасан гэнэ. Тэгвэл өдгөө үүндээ тулгуурлан хэмжилт, судалгаа хийхээр ажиллаж байгаа аж. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мөстлөгийн инженер Б.Сержума сурагчдын судалгааны багийг ахалж буй бол идэвхтэн байгаль хамгаалагч О.Жанатбек нутаг орныхоо онцлог, нэн ховор амьтан, ургамлын талаарх мэдлэг, мэдээллээр тэднийг “цэнэглэж” байна.
Бэлтгэсэн Н.Мишээл