Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлсний 20 жилийн ой энэ онд тохиож буй. Үүний хүрээнд “Дэлхийн өв-түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт” сэдэвт Монгол, Японы хамтарсан соёлын өвийн симпозиумыг зохион байгуулж байна.
Тус симпозиумын хүрээнд Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын үл хөдлөх дурсгалуудын өнөөгийн байдал, цаашдын судалгаа шинжилгээ, хадгалалт, хамгаалалтын талаар хэлэлцэж байгаа аж. Мөн сэргээн засварлалт, ашиглалт, хэрэглээ ба аялал жуулчлал, хот төлөвлөлтийн асуудлыг ярилцах нь.
Симпозиумын үеэр Японы талын төлөөлөгчид дэлхийн өв, аймаг, нийслэл болон улсын зэрэглэлтэй соёлын дурсгалт газарт хэрэгжүүлж буй археологийн малтлага, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын үйл ажиллагаатай танилцах юм байна. Түүнчлэн эртний барилгын сэргээн засварлалт ба бүтээн байгуулалттай холбоотой туршлага судлах, хоёр орны соёлын өвийн салбарт урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэхэд чиглэжээ.
Бэлтгэсэн У.Цэцэг