Шинэ Хархорум хот төлөвлөлтийн зураг төслийг боловсруулах сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд шалгарсан оролцогчдын бүтээлийг өчигдөр танилцууллаа. Шинэ Хархорум хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатны18 улсын 36 багийн 100 гаруй архитекторын бүтээлийг уг үзэсгэлэнгээр танилцуулж буй юм. Үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө. Сүхбаатар дүүрэгт байрладаг “MPM event hall”-ын дөрөвдүгээр давхар дахь их танхимаас хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнг сонирхох боломжтой.
АНУ-аас оролцож буй 21 дүгээр багийнхны төсөл
Эл хот сүндэрлэх бүсэд Орхон гол урсдаг. Оролцогчдын бүтээлээс үзэхэд зарим багийнхан Орхон голыг хотын төв хэсгээр урсахаар төлөвлөжээ. Ингэхдээ эрэг дагуу барилга барихаас илүүтэй амралтын бүс байх нь зохистой гэж үзсэн бололтой. Ийм төлөвлөлтийг “Парис-2024” зуны 33 дахь олимпын нээлтийн чимэг болсон Сена мөрөнтэй адилтгаж ч болох юм. Гэтэл зарим нь хотын төв хэсэгт гол ус огт байхгүйгээр зураг төсөл гаргажээ. Орхон голын урсгалыг хэрхэн зохицуулахаар төлөвлөж буйг тэрхүү зураг төслөөс мэдэхэд бэрх. Түгжрэлээс сэргийлэхийн тулд газар эзэмших зөвшөөрөл олгохоосоо эхлээд л эмх цэгцтэйгээр төлөвлөх нь чухал гэдгийг оролцогчид онцлов. Баг бүр улсынхаа хотуудын өнгө төрхийг бүтээлдээ тусгасан байна лээ.
БНХАУ-аас оролцож буй хоёрдугаар багийнхны зураг төсөл
Уг үзэсгэлэнгээр дамжуулан шинэ хотын зураг төсөлд олон нийтийн саналыг авах зорилготой аж. “Kharkhorumcity” цахим хуудсаар дамжуулан энэ сарын 25-31-нд иргэдийн саналыг хүлээн авах юм. Иргэдийн санал болон АНУ, БНСУ, Польш, Герман зэрэг орны шилдэг хот төлөвлөгч, архитектор, мэргэжлийн шүүгч нарын шийдвэрт үндэслэж шилдэг таван багийг ирэх сарын 1-нд шалгаруулах гэнэ. Тэрхүү таван багийнхан хамтран Шинэ Хархорум хотын үндсэн зураг төслийг боловсруулах нь.
Гуравдугаар багийнхан буюу Монгол Улсын архитекторуудын бүтээл
Хархорум хотод төрийн захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын дипломат төлөөлөгчийн газрыг төвлөрүүлэх аж. Эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж болон бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөж буй. Эл хотын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн А.Үүл