Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөхөөр төлөвлөжээ. Үүний дагуу иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нь хийжээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш тухайн бүс нутгийн 1423 иргэн, аж ахуйн нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн аж. Тэдгээрээс одоогоор 1250 нэгж талбарыг чөлөөлөх гэрээ байгуулж, 885 иргэнд нөхөх олговрыг нь шилжүүлээд буйг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээлэв.
Эхний ээлжид гэрээ байгуулж, нөхөх олговроо авсан иргэд газраа чөлөөлж буй гэнэ. Үүний зэрэгцээ чөлөөлсөн газрын ариун цэврийн байгууламжийг цэвэрлэх, хөрсийг ариутгах, хашаа байшингийн хог хаягдлыг зөөх ажил өдгөө үргэлжилж байгаа аж. Чөлөөлсөн газрын 60 хувьд орон сууц, 40 хувьд нь зам, талбай барьж, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөснөө нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дурдсан. Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг дахин төлөвлөхдөө эхний ээлжид 12 000 айлын орон сууц барих гэнэ.
Бэлтгэсэн М.Оч