Туул голын усны түвшин энэ жил их хэмжээгээр нэмэгджээ. Одоогоор 1966 оны их үерийн түвшнээс 20-40 см-ээр давж үерлээд буй гэнэ. Үүний улмаас уржигдар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат, “Сонгино” амралтын газрын орчимд Туул голын эрэг нурж, тухайн хэсэг дэх айлууд усанд автах эрсдэлтэй нөхцөл байдал үүсжээ. Тиймээс нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид дээрх байршилд түр далан барьж, голын эрэг орчмын 50 айлын 170 орчим хүнийг“Өлзийт” хороолол руу нүүлгэсэн байна. Мөн цахилгааны шугамыг салгаж, хүчдэлийн шонг шилжүүлэн суулгажээ. Үерийн далан хийх ажлыг өдгөө нийслэлийн болон дүүргийн 70 гаруй албан хаагч, 21 техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж буйг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Түүнчлэн Налайх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Нарлаг” хороололд айл өрхүүд усанд автсан гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн ням гарагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид газар дээр нь очиход “Нарлаг” хорооллын 14 дүгээр гудамжинд иргэн Т-ын байшин, таван ханатай гэр усанд автаж, таван хүн автомашин дээрээ гарч зогссон байжээ. Онцгой байдлын алба хаагчид үерийн бүсээс иргэдийг гаргаж, аюулгүй газарт хүргэсэн байна. Мөн тус дүүрэгт барилгын B1 давхар усанд автсан гэх дөрвөн дуудлага, мэдээлэл иржээ. Уг дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 125 тонн ус соруулсан гэнэ.
Бэлтгэсэн У.Цэцэг