Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийг 254 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр баталжээ. Тодруулбал, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний тогтоолоор баталсныг удирдлага болгосон байна. Энэхүү хянах баг нь зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр болон сурах бичиг боловсруулах, эдгээрийг хянах зэрэг хэсгээс бүрдэж буй аж. Боловсролын яамны харьяа мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллага, хувь судлаачдын төлөөллөөс бүрдэж буй аж. Багийн бүрэлдэхүүний 17 хувь нь доктор, 53 хувь нь магистр, 30 хувь нь бакалавр зэрэгтэй гэнэ.
Нэг баг хичээл тус бүрээр 1-5 дугаар ангийг бүрэн, цогцоор нь боловсруулах тул анги хоорондын залгамж, уялдаа холбоо сайжрах болно гэж албаныхан үзэж байна. Цаашид суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчлэн боловсруулах багийг байгуулж, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг залгамж холбоотой, үе шаттайгаар шинэчлэх аж.
Бэлтгэсэн Ч.Цэлмэг