54 дэх удаагийн олон улсын физикийн олимпиадыг Иран улсын Исфахан хотод энэ сарын 21-29-нд зохион байгууллаа. Тус олимпиадаас “Сант” сургуулийн сурагч Г.Азжаргал мөнгөн медаль хүртжээ. Түүнчлэн “Сант” сургуулийн сурагч С.Атархүү, “Шинэ үе” сургуулийн суралцагч Г.Батбаяр нар хүрэл медалийн эзэн боллоо. Мөн нийслэлийн I сургуулийн сурагч М.Мөнх-Оргил болон Орхон аймаг дахь Японы шинжлэх ухаан, технологийн сургуулийн сурагч Э.Ичинбат нар хүрэл медаль хүртэв. Олон улсын физикийн олимпиадад оролцох багийг МУИС-ийн Физикийн тэнхимийн багш Г.Мөнхбаяр ахалсан аж. Манай улсын сурагчид уг олимпиадаас өнгөрсөн онд нэг мөнгө, хоёр хүрэл медаль болон шагналт байрын эзэн болж байлаа.
Мөн өнгөрсөн сард зохион байгуулсан 24 дэх удаагийн Азийн физикийн олимпиадаас манай улсын сурагчид хос хүрэл медаль хүртэж, хоёр шагналт байр эзэлсэн юм. Тухайлбал, нийслэлийн I сургуулийн сурагч М.Мөнх-Оргил, “Сант”-ын сурагч Г.Азжаргал нар хүрэл медаль хүртжээ. Түүнчлэн “Сант” сургуулийн сурагч С.Атархүү, Дархан-Уул аймгийн “Од” сургуулийн сурагч Г.Амармэнд нар шагналт байрт шалгарсан билээ.
Бэлтгэсэн А.Үүл