Зөв аргаар түүж, хатаасан мөөгийг 3-5 жил хадгалахад амт, чанар нь төдийлөн өөрчлөгддөггүй гэнэ. Нойтон мөөгийг хатаахад жин нь 90 хувиар хөнгөрдөг байна. Хатааж, хэрэглэхэд хамгийн тохиромжтой нь хусандай, тослог шар, амтат сархиаг, идэшний чидмэг, нарсны цагаан, хөвдөн ногоон, хар, цагаан мөөг аж. Стандартын дагуу, зөв технологиор хатаасан мөөгний гадаад байдал цэвэрхэн, жижгийнх нь малгай бүтэн байдаг бөгөөд цаасан уут, шилэн сав, таглаатай хайрцагт савлаж, сэрүүн газарт хадгалах нь тохиромжтой.
Энэ мэтчилэн сонирхолтой, ач холбогдолтой мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд өгөх, мөөгний зохистой хэрэглээг дэлгэрүүлж, соёлыг түгээх зорилготой арга хэмжээ ирэх сарын 17-нд болох нь. ШУА, ХААИС, Монголын мөөг судлаач, сонирхогчдын нэгдсэн нийгэмлэг, “Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ” төрийн бус байгууллага, muug.mn сайт хамтран “Мөөгний баяр”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үүнд судлаач, эрдэмтэн, сонирхогч, мөөг тариалагчид оролцдог бөгөөд зорин ирсэн хүмүүст шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл, зөвлөгөө өгч, үзэсгэлэн, худалдаа, сургалт явуулдаг юм.