Үерийн дараа ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол, сайн хийх нь чухал. Учир нь үерийн ус тархсан газруудад өвчин үүсгэгч бичил биетэн үржих тохиромжтой орчин бүрддэг аж. Улмаар хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулдаг. Халдварт нян хөрсөнд удаан хугацаагаар амьдарч халдварт өвчин гарах нөхцөл бүрдүүлдэг юм байна. Гэтэл нийслэлд үерийн дараах ариутгал, халдваргүйжүүлэлт хийхгүй байгаа бололтой. Уг нь НЭМҮТ, ОБЕГ, ЗӨСҮТ, нийслэлийн ЗДТГ-ынхан эл ажлыг хариуцан гүйцэтгэх ёстой гэнэ. Гэвч ариутгал, халдваргүйжүүлэлт хийж буй, эсэхийг тэдгээр байгууллагынхнаас тодруулахад “Манайх хариуцаагүй” гэж өөрсдөөсөө холдуулсаар хариуцах эзэн ч олдсонгүй.
Тэгвэл ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх ёстойг ЗӨСҮТ-өөс тодрууллаа. “Бороо дөнгөж зогсоход буюу үерийн ус татрахыг хүлээлгүй халдваргүйжүүлэлтийг эхлүүлэх ёстой. Мөн борооны ус ихээр тогтдог байршлуудыг 14 хоногт нэг удаа ариутгах нь зүйтэй. Түүнчлэн гэр хороолол, зуслангийн бүсүүдэд ариутгал хийх хэрэгтэй. Тухайн бүсэд нүхэн жорлон олон байдаг. Заавал мэргэжлийн байгууллагад хандахгүйгээр иргэд зааврын дагуу ариутгал хийж болно” гэж тус байгууллагынхан хэллээ.
Өргөн хэрэглээний халдваргүйжүүлэлтийн бодис найруулах аргачлалаас хүргэе. 600 мл гипохлорид натри, эсвэл 10 гр гипохлорит кальцийг 10 литр усанд найруулан, муу усны нүх, ил задгай бие засах газарт хийнэ. Ингэхдээ нэг ам метр талбайд 1.5 литр уусмал байхаар тооцож шүрших ёстой аж. Мөн дөрвөн ширхэг шахмал жавелионыг 10 литр усанд найруулан ашиглаж болно. Түүнчлэн эко жорлонгийн ариутгалын бэлдмэлийг ил задгай жорлон, бохирын цооногийг ариутгахад ашиглаж болох гэнэ.
Бэлтгэсэн А.Үүл