Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран 2024 оны наймдугаар сарын 2-4ний өдөр “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Чуулга уулзалтаар “Хилийн чанад дахь иргэд, гэр бүл, залуучуудын нийгмийн асуудлууд”, “Монгол бахархал, өв соёл, гадаад сурталчилгаа болон спорт, урлагийн арга хэмжээ, өнөөгийн нөхцөл байдал”, “Эх хэл, түүх, өв соёлын боловсрол”, “Шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлууд” сэдвээр тус тус хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн зөвлөмж гаргах аж.
Тодруулбал, наймдугаар сарын 2-нд ГХЯ-нд Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт, 3-нд "Хилийн Чанад дахь Монголчууд" НҮТББ-ын бүх гишүүдийн V чуулган, 4-нд Чойжин ламын сум музейд Диаспора Фестиваль тус тус болно.
Эх сурвалж: ГХЯ