Нарангийн энгэрийн хогийн цэгийн 27 га талбайг нөхөн сэргээснийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА)-наас мэдээлэв. Уг цэгт хогийг ландфилл технологиор дарж, булдаг байна. Харин 2020 оноос тус хогийн цэгийн ландфиллийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлжээ.
УБЗАА-ны хог хаягдлын ангилан ялгалт, дахин боловсруулалт хариуцсан мэргэжилтэн Г.Индарьяа “Хогийн цэгийн талбайг 2020 оноос нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн. Нөхөн сэргээсэн талбайд метан хийг саармагжуулж байгаа. Цаашид хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахад түлхүү анхаарна. Ингэснээр газарт булах хог хаягдлын хэмжээ буурна” гэсэн юм.
Нөхөн сэргээх ажлыг хог булах ландфиллийн аргаар хийж байгаа аж. Тодруулбал, хог хаягдлыг жалга, гуу газарт ландфилл технологиор булж, газрын гүнд 0.6-1.2 метр, зарим хэсэгт 1.5 метр хүртэлх гүнд байгалийн хөрс нягтаршуулан, дээр нь 30-40 см хар шороо асгаж, үр цацдаг аж. Газрын гүнд хуримтлагдсан хийг гадагшлуулах үүрэгтэй метан хоолой, цооногийг 3-4 метрийн гүнд суурилуулжээ.
Ташрамд дурдахад, Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2007-2009 онд бий болгосон гэнэ.
Бэлтгэсэн Ц.Ану