Хог хаяж буй хүмүүсийн бичлэг, зураг бүхий баримттай мэдээллийг иргэд фэйсбүүк дэх “Цахим эко цагдаа” хуудсанд оруулж болох нь. Цагдаагийн байгууллагынхан уг мэдээллийн мөрөөр шалгаж, буруутай этгээдэд хариуцлага тооцох юм байна. Уг цахим хаягт иргэд нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн зөрчил буюу зөвшөөрөлгүй газарт хог хаясан, тээврийн хэрэгслийг зориулалтын бусаар унаж байгаа зэрэг мэдээллийг зураг, бичлэгээр баримтжуулан илгээх ёстой. Цагдаагийн байгууллага үүнийг шалган, шуурхай арга хэмжээ авсны дараа тухайн иргэнд хариу мэдэгдэх аж.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба болон Тээврийн цагдаагийн алба хамтран “Цэвэрч иргэн-цэмцгэр хот” тусгай арга хэмжээг өнгөрсөн зургаадугаар сарын 18-наас эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж буй. Тусгай арга хэмжээний хүрээнд 3517 зөрчил илрүүлж, газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч байгаа гэнэ. Уг тусгай арга хэмжээний нэг хэсэг нь цахим орчин дахь “эко цагдаа” гэнэ.
Гудамж, талбай, олон нийтийн газарт нус, цэр, шүлс хаясан иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцох ажлыг уг арга хэмжээний хүрээнд эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Мөн олон нийтийн газарт үүссэн хур хог, ахуйн болон аюултай хаягдал, бусад төрлийн бохирдлоос сэргийлэх юм байна. Түүнчлэн иргэдийг аялж зугаалж явахдаа ил задгай хог хаяхгүй байхыг уриалж, зөрчлийг таслан зогсоон, хариуцлага тооцож буй аж.
Бэлтгэсэн Ц.Анударь