Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байна. Дэвтэр, үзэгнээс эхлээд сурагчийн дүрэмт хувцасны эрэлт, хэрэгцээ нэмэгддэг. Манай улс 2012 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн загварын дүрэмт хувцастай болгох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлсэн байна. Монголын оёдлын холбооны гишүүн компаниуд сурагчийн дүрэмт хувцсыг 2013 оноос оёж буй аж. Энэ онд “Бүтээлч үйл”, “Шилмэл загвар”, “Өүлэн менч”, “Торгон хийц”, “Төмөр трейд”, “Эрдсүлж”, “Шүтэн уул” зэрэг үндэсний үйлдвэрлэгч найман компани сурагчийн дүрэмт хувцас урлах гэнэ. Тус холбооныхон сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэх кластерын системийг үүсгэж, 3000 ажлын байр бий болгожээ. Үндэсний үйлдвэрлэгчид хариуцсан аймгуудын гэрээт борлуулалтын цэгүүдээр дүрэмт хувцсыг худалдах бэлтгэл ажлыг хангажээ.
Нэгдсэн журмаар дүрэмт хувцас өмсдөг болсноор сурагчдын амьдралын түвшин, хот, хөдөөгийн сургууль хоорондын ялгааг арилгахад нөлөөтэй гэж үздэг. Ингэхдээ эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан, стандартын дүрэмт хувцсаар хангах нь чухал юм. Тухайлбал, ноос агуулсан, даавуун материалаар үйлдвэрлэх шаардлага тавьдаг аж. Дүрэмт хувцасны үнийг өнгөрсөн жилийнхээс нэмэх, эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Харин ирэх сарын 5-наас үзэсгэлэн худалдааг эхлүүлэх гэнэ. Сурагчийн дүрэмт хувцас, техникийн шаардлагад нийцээгүй, импортын бүтээгдэхүүнээс татгалзахыг боловсролын байгууллагуудаас уриалжээ.
Бэлтгэсэн Ч.Болор