Боловсролын сайд П.Наранбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан болон холбогдох бусад албан тушаалтнуудыг 2024 оны долдугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцож дараах асуудлуудыг хэлэлцэв.
Үүнд;
- Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулан хоёр орны боловсролын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, зүүн хойд Азийн бүс нутгийн бүтээлч эдийн засагт хувь нэмэр оруулах үлгэр жишээ олон улсын инженерийн сургуулийг хамтран байгуулах зорилгоор Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэг дор Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС), БНХАУ-ын ӨМӨЗО-ы Өвөр Монголын аж үйлдвэрийн их сургууль эхлүүлэхээр тохиролцсон төслийг үргэлжлүүлэн эрчимжүүлэх талаар санал солилцов.
- БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр Монгол Улсын 100 гаруй иргэн шинээр элсэж байгаа бөгөөд энэхүү тоог нэмэгдүүлэх хүсэлтийг БНХАУ-ын талд уламжлав.
- Монгол судлалыг БНХАУ-д, Хятад судлалыг Монгол Улсад хөгжүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулан хятад, монгол судлаач багш, эрдэмтдийн дунд зуны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов.
- БНХАУ-ын ерөнхий боловсролын байгалийн шинжлэх ухааны чиглэлийн ном товхимол, сурах бичгийн агуулга, хөтөлбөр, арга зүйн талаарх эрдэм шинжилгээний судалгаа хийх тал дээр хамтран ажиллахаар зөвшилцөв.
- БНХАУ-ын Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар туршлага судлах хүсэлттэй буйг уламжлав.
Дашрамд дурдахад, 2024 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын 6600 гаруй суралцагчид БНХАУ-д суралцдаг. Харин Монгол Улсад БНХАУ-ын 3000 гаруй суралцагчид суралцдаг. Энэ жил буюу 2024 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, БНХАУ-ын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийсний 10 жилийн ой, хоёр улс иж бүрэн стратегийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тус тус тохиож буй юм.