Боловсролын сайд П.Наранбаяр анхны шуурхай хурлаа хийж, тус салбарт хэрэгжүүлэх бодлогын талаар хэлэлцэн, гаргасан саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахад бэлтгэхийг холбогдох газрын дарга нарт үүрэг болгожээ. Тухайлбал, их, дээд сургуульд элсүүлэх босго оноог үе шаттай нэмэгдүүлэх санал гаргасан гэнэ. Энэ жилийн тухайд орон нутгийн сургуулийн босго оноо 420 байна. Нийслэлийн их, дээд сургуулиудад элсэх оноог мэргэжлийн ангиллаас хамаарч ялгаатай байдлаар буюу 420-480 байхаар тогтоосон юм. Босго оноог ийнхүү тогтоосон нь хэтэрхий бага буюу муу сурлагатнууд их, дээд сургуульд элсэж байна гэх шүүмжлэл хааяагүй гардаг. Тиймээс босго оноог цаашид үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бололтой.
Дээрх хуралдаанаас гаргасан нэг чухал санал нь төрийн өмчийн их сургуулиудын сургалтын 20 орчим хувийг англи хэлээр явуулах аж. Мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд үндэслэн төрийн өмчийн их, дээд сургуульд зарим мэргэжлийн квотыг бодлогоор нэмэгдүүлэх гэнэ. Үүнээс гадна Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтыг бүрэн цахимжуулж, хүнээс хамааралгүй ажиллуулах, үүнтэй холбоотойгоор холбогдох журмыг шинэчлэх санал боловсруулах нь.
Ерөнхий боловсролын сургуулиудын тухайд сурах бичгийн агуулга, сургалтын хөтөлбөрийг шинэчлэхэд уг салбарт идэвхтэй ажиллаж, шүүмж, зөвлөмжүүдээ өгсөөр ирсэн мэргэжилтнүүдийг ажиллуулах боломж нээх аж. Түүнчлэн цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх замаар өсөлт, хөгжлийг дэмжих нь зүйтэй гэж үзжээ. Ингэхдээ хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг, эхчүүдээс гаргуулах гэнэ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уг нь ийм санаачилга гаргасан ч хэрэгжүүлээгүй юм.
Боловсролын тэгш бус байдлыг арилгах үүднээс багш нарыг сургуулиудад сэлгэн ажиллуулах бололтой. Мөн багшийн цалин, гүйцэтгэлийн үнэлгээнд багш өөрөө оролцдог систем нэвтрүүлэх зэрэг саналыг Засгийн газарт танилцуулах нь. Түүнчлэн Боловсролын яамныхан ажлын хурдаа эрс нэмэгдүүлж, хамтын үр дүнг сайжруулахад анхаарч ажиллахыг сайд П.Наранбаяр онцолжээ.
Бэлтгэсэн М.Оч