Иргэд анхаарал, болгоомжгүйгээсээ болж усанд осолдох, амиа алдах тохиолдол гарсаар буйг онцгой байдлын байгууллагаас мэдээлж байна. Уржигдар гэхэд нийслэлийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд усанд живж, алга болсон, иргэд автомашинтайгаа голд осолдсон хэрэг бүртгэгджээ.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Хужирбулан орчмын Туул голд зургаан настай хүүхэд живсэн тухай мэдээллийг долоодугаар сарын 22-ны 16.04 цагийн үед ар гэрийнхэн нь онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид дуудлагын дагуу тухайн газарт очиж, Хар усан тохойгоос Баянзүрхийн гүүр хүртэлх хэсэгт16 удаа гүний шумбалт хийж, голын эрэг дагуу эрлийн ажиллагаа зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй гэнэ. Иймд эрлийг өчигдрийн 06.29 цагт дахин эхлүүлэв. Дөрвөн том хүн, таван хүүхдийн хамт Туул голын эрэг орчимд амарч байхад ийм явдал болжээ.
Улиастайн гүүрний ойролцоох Туул голд автомашин живсэн хэрэг дээрх ослоос дөрвөн цаг орчмын дараа мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт гарчээ. Усны түвшин эрс нэмэгдсэн үед гол гатлах гэж байгаад осолдсон байна. Аврагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, автомашинд зорчиж явсан хоёр иргэний амийг аварсан аж. Үүнтэй холбогдуулан иргэдийг баталгаатай гүүр, гарам, гарцаар зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулав. Ташрамд дурдахад, энэ он гарснаас хойш улсын хэмжээнд 14 том хүн, найман хүүхэд усны ослоор амиа алдсаны 10 нь долоодугаар сард энджээ.
Бэлтгэсэн Н.Ган