Ирэх хичээлийн жилдI, III-XI ангийн 115 нэр, төрлийн 1.8 сая сурах бичгийг хэвлэн, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад хүргэсэн байна. Сурах бичиг түгээх ажилд“Монгол шуудан” ХК шалгарч, гэрээгээр гүйцэтгэжээ. Бага ангийн сурах бичгийг 95-100 хувь хангасан гэнэ. Харин дунд, ахлах ангийн нөхөн хангалтын болон түрээсийн сурах бичиг 62 хувьтай байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Өнгөрсөн оноос дунд болон ахлах ангийн сурагчид сурах бичгийг худалдан авч буй. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар түрээсийн сурах бичгийн төлбөрийг тогтоосон бөгөөд ерөнхий боловсролын сургуулиуд ажлын хэсэг гаргажээ. Тэд2021 оноос өмнө хэвлэгдсэн, шаардлага хангахгүй болсон сурах бичгийг устгах, дахин ашиглаж болох, эсэх шийдвэрлэх аж. Хэрэв сурах бичиг худалдан авахыг хүсвэл shop.aplus.mn цахим хуудсанд хандаж захиалж болох гэнэ. VI-XII ангийн сурах бичиг багцаараа 59 400-96 100 төгрөгийн үнэтэй байна.
Ташрамд дуулгахад, 2023-2024 оны хичээлийн жилд сурах бичгийн бүртгэл, хяналтын цогц системийг үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн билээ. Үүний хүрээнд захирал, нягтлан, нярав, номын санч нарт зориулсан сургалтыг аймаг, дүүрэг тус бүрд зохион байгуулжээ.
Бэлтгэсэн Ч.Цэлмэг