“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн багш бэлдэх хөтөлбөрийг энэ жилээс хэрэгжүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн хичээлийг хэн дуртай нь заах бус, мэргэжлийн багштай болох гэнэ. Үүний хүрээнд орон даяар эрүүл мэндийн багшийн элсэлт авч буй аж. Биологи болон нийгмийн ухааны хичээлээр элсэлтийн шалгалт өгч, 450-иас дээш оноо авсан хүүхдүүд эрүүл мэндийн багшаар суралцах боломжтой. Мөн түүх, монгол хэлний хичээлээр шалгалт өгсөн байж болох гэнэ. Эрүүл мэндийн багш нарыг МУБИС, АШУҮИС хамтран бэлдэх юм байна. Тодруулбал, МУБИС-д эхний гурав, дараагийн нэг жил нь АШУҮИС-д суралцах бөгөөд эрүүл мэндийн багш, арга зүйч гэсэн хос мэргэжил эзэмшүүлэх аж. 2004 оноос МУБИС эрүүл мэндийн багш бэлдэж буй ч суралцагч, төгсөгчид цөөн байжээ. Улмаар эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан жилүүдэд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлдээгүй гэнэ. Тухайлбал, 2013-2018 он буюу таван жилийн хугацаанд эрүүл мэндийн багш бэлдэх хөтөлбөрийг зогсоожээ.
Ташрамд дуулгахад, сүүлийн жилүүдэд багш эрэлт ихтэй байгаа учраас сургалтын төлбөрөөс чөлөөлж, үнэ төлбөргүй сургахаар болсон. Эрүүл мэндийн багш, арга зүйчээр суралцах хүсэлтэй хүүхдүүд МУБИС-д хандаж болох нь.
Бэлтгэсэн Ч.Болор