ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 50 жилийн ойд зориулсан байгалийн мөөгийг зөв таньж тодорхойлох, түүн бэлтгэх танхимын болон хээрийн сургалт өнгөрсөн бямба гарагт боллоо. Олон нийтэд зориулсан, үнэ төлбөргүй үйл ажиллагаанд 30 гаруй хүн оролцож, мөөгний талаарх ойлголт, мэдлэгээ тэлжээ. Хээрийн сургалтыг Богдхан уулын Зайсангийн амны баруун хойд энгэрт явуулсан бол танхимынхыг нь ХААИС-ийн Биотехнологийн сургуульд зохион байгуулсан аж.
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын нөлөөнд хамгийн ихээр өртөж буй организмуудын нэг нь мөөг гэнэ. Байгалийн тэнцвэр жилээс жилд алдагдаж байгаа өнөө цагт мөөгийг хүнсний зориулалтаар бэлтгэх үед хөрсөн доорх ургал биеийг нь гэмтээх, боловсроогүйг нь түүснээс нөөц хомсдох, тархац нь хумигдах эрсдэл нэмэгдсэн байна. Тиймээс ШУА, ХААИС-ийн багш, судлаачид хамтран иргэд, олон нийтэд байгалийн мөөгийг зөв таних, түүх, хадгалах, боловсруулах арга технологийг заах болжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл