“Монголын аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллага тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой Азийн эко аялал жуулчлалын сүлжээ (AEN) бүс нутгийн байгууллагад 2024 онд гишүүнээр элссэн билээ. Ингэснээр байгаль орчныг хамгаалах, нутгийн иргэдэд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг дэмжих, хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, судалгааны ажлуудыг зохион байгуулах, сонирхогч талуудын хоорондын сүлжээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон төрлийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн юм. Тэгвэл талууд хамтын ажиллагааныхаа хүрээнд ирэх сарын 17- 21-нд Азийн эко аялал жуулчлалын сүлжээ байгууллагын удирдах зөвлөлийн ээлжит хурлыг Монголд зохион байгуулахаар болжээ. Энэ эрхийг тус байгууллагаас Монголын аялал жуулчлалын холбоонд албан ёсоор хүлээлгэж өгсөн байна. Хурлын үеэр Хустайн байгалийн цогцолборт газарт тур оператор, зочлох болон байршуулах үйлчилгээний салбарынханд зориулсан эко аялал жуулчлалын сайн туршлага, бодит маркетинг, зах зээлийн чиг хандлага, өсөлтийн стратеги, тогтвортой хөгжил, хээрийн аяллын үйлчилгээ сэдэвт сургалтуудыг зохион байгуулах нь.
Бэлтгэсэн Н.Мишээл