Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Батт хотод зохион байгуулсан олон улсын математикийн 65 дахь удаагийн олимпиадаас манай улсын баг нэг алт, хос мөнгө, гурван хүрэл медаль хүртсэнийг Монголын математикийн олимпиадын хорооноос мэдээллээ.
Тодруулбал, “Сант” сургуулийн 12г ангийн сурагч Д.Энэрэлт алтан медаль хүртжээ. Тэрбээр өнгөрсөн жил Япон Улсын Чиба хотод зохион байгуулсан олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн билээ. Ингэснээр Д.Энэрэлт тус олимпиадаас алтан медаль хүртсэн зургаа дахь сурагч болж байв. Түүнчлэн “Эрхэт-Эрдэм” сургуулийн 10а ангийн сурагч Т.Билгүүнгэрэлт, нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч О.Тэнгис нар мөнгөн медалийн эзэн болжээ. Харин хүрэл медалийн болзлыг тус сургуулийн 11в ангийн сурагч Б.Билгүтэй, 12б ангийн сурагч Х.Нурсолтан, “Сант”-ын 10в ангийн сурагч С.Манлай нар хангасан байна. Ингэснээр Монголын багаас оролцсон зургаан сурагч бүгд медаль хүртсэн амжилттайгаар 142 оноо авч, нийлбэр дүнгээр 16 дугаар байрт эрэмбэлэгджээ. Түүнчлэн тус олимпиадаас өнгөрсөн жил манай улсын баг нэг алт, дөрвөн хүрэл медаль, нэг тусгай байрын шагнал хүртсэн билээ.
Багийн ахлагчаар Монголын математикийн олимпиадын хорооны дарга Б.Батбаясгалан, дэд ахлагчаар МУИС-ийн Математикийн тэнхимийн багш, У.Батзориг нар ажиллажээ.
Бэлтгэсэн У.Цэцэг