Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг дахь Мухартын гол нь жуулчдын зорин очих дуртай газруудын нэг. Гэтэл сүүлийн жилүүдэд уг голыг зорин очих хүний тоо улам нэмэгдсэний хэрээр байгалийн унаган төрхийг нь алдагдуулах болжээ. Тухайлбал, тэнд очсон хүмүүс цанаар гулгаж, элсийг нь нураадаг, ойр орчимд нь хог тарьж, бие засах зэргээр явсан газартаа балаг тарьдаг байна.
Уг байгалийн дурсгалт газар нь сумын төвөөс зүүн хойш гурван км-ийн зайд байрладаг. Голын хөндий дагуу бургасан шугуйтай бөгөөд тэнд гоньд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс, жимсгэнэ ургадаг. Элсэн манхан дунд гялалзан харагдах байгалийн өвөрмөц тогтоцтой газар. Голын экосистем алдагдаж, жил ирэх тусам ундарга нь багасаж буй тул иргэдийг автомашинтай дотогш нэвтрэхийг хоригложээ. Мөн элсээр гулгахгүй байхыг анхааруулдаг ч үүнийг хүлээж авдаг нь цөөн гэнэ.
Мэргэжилтнүүдийн хэлснээр голын ус нь элсэнд дарагдсаар байгаад гадаргад гарч ирэхээ больдог гэнэ. Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр гадарга дахь усных нь хэмжээ улам багасаж буйг тэд онцоллоо. Өдгөө голын ус нь элстэйгээ холилдон байгаа, эсэх нь мэдэгдэхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Ус нь хөлийн шагайн хэсэгт хүрэхгүй болж, ширгэхэд хүрээд байгааг судлаачид төдийгүй орон нутгийн иргэд, аялагчид хэллээ.
Бэлтгэсэн А.Үүлээ