Өнгөрсөн парламент халаагаа өгөхөөс өмнө буюу энэ оны тавдугаар сард шинэчлэн баталсан УИХ-ын тухай хуулийн 43.1.4-т “Монгол Улс гишүүнээр элссэн олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагаас бусад үндсэн чиг үүрэгтэй нь холбоотой сонгуульт албан тушаал” хэмээн тусгаж, гишүүдийн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалыг заасан. Өөрөөр хэлбэл, янз бүрийн холбоо, нутгийн зөвлөл нэртэй төрийн бус байгууллагаас хол байж дарга, тэргүүн, ерөнхийлөгч гэх мэт сэтэр зүүдгийг хориглоод буй. Тиймээс ч УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө дээрх ажил, албан тушаал эрхэлж байсан бол гишүүний тангараг өргөхөөсөө урьтан чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байхаар хуульчилсан. Харин гишүүд үүнийг биелүүлсэн үү.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Соёл урлагийн хөгжлийг дэмжих андгай” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж буй тухай opendatalab.mn нээлттэй мэдээллийн өгөгдлийн системд байна.
Мөн гишүүн С.Ганбаатар “Индаго бодлогын судалгааны хүрээлэн”, “Монголын бэлчээрийн хөгжил, технологийн үндэсний хүрээлэн” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, Ц.Туваан “Гурван хүрэн уяачдын холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, Ж.Чинбүрэн “Монголын эрүүл мэндийн даатгуулагчдын холбоо”, “Монголын элэг, цөс, нойр булчирхайн нийгэмлэг”-ийн Удирдах зөвлөлийн дарга, А.Ариунзаяа “Монгол, Оросын хамтарсан сургуулийн төгсөгчдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга, Д.Цогтбаатар “Монгол, Австралийн нийгэмлэг”-ийн Удирдах зөвлөлийн дарга, Н.Номтойбаяр “Жинхэнэ монгол морь Монголын морин спорт уяачдын холбоо”-ны Удирдах зөвлөлийн даргаар бүртгэлтэй байна.
Энэ мэтээр дурдвал нэлээд урт жагсаалт хөврөх шинжтэй. Иймэрхүү байдлаар хуулиа хэрэгжүүлж буй хэрэг.
Уг нь 2020 оны хавар буюу тухайн үеийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах үед УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчилсэн. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйг чангаруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, тангаргаасаа няцаж, хууль зөрчвөл хариуцлага хүлээх нарийвчилсан зохицуулалтуудыг оруулж өгснөө онцолж байв. Тэдгээрийн нэг нь УИХ-ын гишүүд янз бүрийн сонгуульт албан тушаал хашдаг байдлыг хязгаарласан дээрх зохицуулалт байсан юм. Өөрөөр хэлбэл, гишүүд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, холбоодыг удирдаж болохгүй байхаар тусгасан удаатай. Ингэснээр УИХ-ын гишүүд үндсэн чиг үүрэг болон хууль тогтоох, түүний хэрэгжилтэд хяналт тавих, ард түмнээ төлөөлөх үүргээ ололцоог бүрдүүллээ хэмээн үзэж байлаа. Гэвч ердөө жил гаруйн дараа үүнийгээ өөрчилж, ухарсан юм. Тодруулбал, УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулж, УИХ-ын гишүүний хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалаас дээрх зохицуулалтыг хасчихсан. Ингэхдээ УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал эрхлэх боломжийг хаасан нь Олон улсын парламентын холбоо, Олон улсын хамтын нийгэмлэгийн болон олон улсын, төрөлжсөн байгууллагын сонгуульт ажилд сонгогдох нөхцөлгүй болгосон гэж үзсэн билээ. Улмаар Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлэх, өөрийн орны болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын парламентын бодлогыг олон улсын, төрөлжсөн байгууллагын бодлого, шийдвэрт тусгуулж чадахгүйд хүрлээ хэмээн сүржигнэсэн. Эцэст нь УИХ-ын гишүүний хувиар тухайн байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдох нь чухал гэж зүтгэсээр хуулиа өөрчилсөн түүхтэй. Гэхдээ УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг шинэчлэхдээ эл заалтыг оруулж, сайжруулна гэлцэж байсан ч таг чиг болсон. Өөрсдийнхөө баримтлах ёс зүйн дүрмийг ч шинэчлэхгүй байсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан юм. Баталсан хуулиа төд удалгүй өөрчилж, ахиц дэвшлээс ухрахаасаа ичдэггүй манай хууль тогтоогчид энэ хавар шинэчилсэн дээрх заалтаас татгалзахгүй гэх газаргүй.
Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзвэл, 2020-2024 оны парламентын гишүүд нийт 205 төрийн бус байгууллагыг тэргүүлж, эсвэл ажиллаж байсан баримт бий. Манай төрийн бус байгууллагуудын олонх нь төсвийн хөрөнгөөр санхүүждэг. Төрийн сангаас санхүүжих төсөл, хөтөлбөрүүдэд ч шалгарч, ажил гүйцэтгэх эрхийг нь хязгаарлаагүй. Гэтэл УИХ-ын гишүүд өөрсдөө хууль тогтоож, улсын төсвийг баталдаг тул энэ нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх нэгэн үндэслэл болдог. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтнуудын мөнгө угаах нэгэн хэрэгсэл нь төрийн бус байгууллага гэдэг. Тэд төрийн бус байгууллагуудыг тойглоод байдаг нь сонгуультай холбоотой, санал цуглуулах, сонгогчдыг татахад чиглэсэн башир арга гэж хэлж болно. Сонгуулийн сургаар үйл ажиллагаа нь идэвхжиж, гишүүдийнхээ нэр, сүрээр төрийн байгууллагатай янз бүрийн гэрээ байгуулж, ажил гүйцэтгэх, төсөл хэрэгжүүлэх зэргээр санхүүжүүлт авдаг. Төрийн бус байгууллагатай болох нь иргэд Үндсэн хуулиар баталгаажсан эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр ч эрхэм хууль тогтоогчид нь үүнийг өөр зорилгоор ашиглаж ирсэн нь олонтоо. Иргэд нь ч эвлэлдэн нэгдэх, нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцох эрхээ хангалттай эдэлж байгаа боловч үүргээ орхигдуулсан тал бий. Төр өөрийн зарим чиг үүргээ иргэний нийгэм, төрийн бус байгууллагад шилжүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, иргэний нийгмийн байгууллагууд ч олон нийтийн эрх ашгийг хамгаалан төрд хүчтэй хяналт тавьдаг томоохон үүрэг гүйцэтгэдэг олон улсын чиг хандлага байдаг ч төрийг төлөөлж буй хүмүүс нь өөрсдөө элдэв холбоо тэргүүлэн, нийтийн төлөө бус, өөрсдийнхөө төлөө үйлчлүүлж байгаа нь гажуудал юм. Үүнтэй холбоотойгоор төрийн бус байгууллагуудын хууль, эрх зүйн орчныг шинэчилж, төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэхээс урьтал болгон тэдний чадавхыг бэхжүүлсэн, хөгжлийг дэмжсэн орчин бүрдүүлэх ёстойг олон жил ярихаас хэтэрсэнгүй.
43 дугаар зүйл. Гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал
43.1. Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд дараах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй:
43.1.1. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;
43.1.2. улс төрийн намын сонгуульт албан тушаал;
43.1.3. багшлах болон эрдэм шинжилгээний ажил;
43.1.4. Монгол Улс гишүүнээр элссэн олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагаас бусад үндсэн чиг үүрэгтэй нь холбоотой сонгуульт албан тушаал.
43.2. Гишүүн УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө энэ хуулийн 43.1-д зааснаас бусад ажил, албан тушаал эрхэлж байсан бол гишүүний тангараг өргөхөөсөө өмнө тухайн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байна.
43.3. Гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон бол түүний чуулганы ажиллагаанд оролцох журмыг Ерөнхий сайдын саналыг харгалзан Ёс зүй, дэгийн байнгын хорооны тогтоолоор батална.