Элсэлтийн шалгалтын онооны жагсаалт гарч, сурагчид үүний дагуу их, дээд сургуульд элсэх үйл ажиллагаа үргэлжилж байна. Тухайлбал, МУИС-д элсэх эрх олгох үйл ажиллагаа энэ сарын 22 хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд бүртгүүлэгчид онооны жагсаалтын дагуу хамгийн өндөр үзүүлэлттэйгээсээ эхлээд мэргэжлээ сонгоно. Онооны үзүүлэлтээр эхэнд бичигдсэн бүртгүүлэгчид өөр мэргэжил сонгосон тохиолдолд дараагийн хүүхдэд элсэх эрх нээгдэнэ. Бүртгүүлэгч тухайн сургуульд тэнцсэн гэсэн мэдэгдэл хүлээн авснаас хойш нэг хоногийн дотор нэг кредитийн төлбөрийг тушааснаар элсэх боломжтой. Тус сургуульд элсэх эрхээ баталгаажуулахад биечлэн очих шаардлагагүй бөгөөд цахим хуудсаар нь дамжуулан оюутны гэрээгээ байгуулдаг гэнэ.
МУБИС-ийн хувьд суралцах эрхийн бичгээ баталгаажуулах үе шат үргэлжилж байна. Бүртгүүлэгчдийн цахим шууданд суралцах эрхийн бичиг ирсэн тохиолдолд заасан хугацаанд нь МУБИС-ийн Элсэлтийн төв комисс, орон нутгийн элсэлт хариуцсан мэргэжилтэнд хандан бүртгэлээ баталгаажуулах ёстой гэнэ. Ингэхдээ бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хувийн хэрэг, иргэний үнэмлэхийн хуулбар, суралцах эрхийн бичиг зэргээ авч очих юм байна. Суралцах эрхийн бичгээ баталгаажуулаагүй тохиолдолд тухайн бүртгүүлэгчийг элсэхээс татгалзсан гэж үзэх аж. Мөн нэмэлт элсэлтийн бүртгэлээ ирэх сарын 12-нд нээнэ.
СУИС-ийн элсэгчдэд суралцах эрхийн бичиг олгох үйл ажиллагаа үргэлжилж байна. Бүртгүүлэгчид нь энэ сарын 8-9- нд сонгосон хөтөлбөрийнхөө дагуу ур чадварын шалгалт өгсөн юм. Үүгээр 60-аас дээш оноо авсан тохиолдолд тус сургуульд сурах эрхтэй болно. Суралцах эрхийн бичгээ цахимаар болон биечлэн авах боломжтой гэнэ. Суралцах эрхийн бичгээ баталгаажуулахын тулд нэг кредитийн төлбөрийг тухайн сургуулийн дансанд заасан хугацаанд байршуулна.
ШУТИС-д элсэх оюутнууд хөтөлбөрөө сонгох үйл ажиллагаа ирэх сарын 16 хүртэл үргэлжлэх нь. Хяналтын тоо гүйцээгүй буюу суралцагчдын квот заасан хэмжээнд хүрээгүй хөтөлбөрийн нээлттэй сонголт үүний дараа эхэлнэ. Эл хугацаанд бүртгүүлэгчид өөрийн мэргэжлийг эцсийн байдлаар сонгож баталгаажуулах ёстой юм. Түүнчлэн суралцах эрхийн гэрээгээ ирэх сарын 16- наас цахимаар байгуулна.
АШУҮИС-ийн элсэгчдийн хөтөлбөрийг баталгаажуулах үйл ажиллагаа өчигдөр эхэлсэн бөгөөд маргааш хүртэл үргэлжлэх аж. Энэ хугацаанд сургалтын төлбөрөө тушааж, хөтөлбөрөө баталгаажуулна. Бусад хувийн их, дээд сургуулийн элсэлтийн бүртгэл хаагдаж, хөтөлбөр баталгаажуулах үйл явц өдгөө үргэлжилж буй юм.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн