“Тэрбум мод” сан, МУИС-ийн Экологийн боловсролын төв, ХБНГУ-ын цэцэрлэгжүүлэлт, ландшафтын “Gartenhof Kьsters” компани хамтран цэцэрлэг, сургуулийн орчин, ногоон байгууламжийн төлөвлөлтийг сайжруулахад тус нэмэр болох дадлагад суурилсан сургалтыг манай улсад зохион байгуулжээ. Герман мэргэжилтнүүд цэцэрлэг, сургуулийн орчныг хүүхэд болон байгальд ээлтэйгээр хэрхэн төлөвлөж, тохижуулдгийг өөрийн орны туршлага, олон улсын жишигт тулгуурлан манай багш, мэргэжилтнүүдэд заасан байна. Сургалтад хамрагдсан хүмүүст сертификат олгож, “Сургуулийн гарден” төслийн хүрээнд сурч мэдсэн зүйл, хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцахыг уриалжээ.
Дөрвөн өдөр үргэлжилсэн сургалтын үеэр багш, мэргэжилтнүүд хамтран нэгэн онцгой бүтээл хийсэн нь шавжийн “зочид буудал” аж. Экологийн боловсролын төвийн цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан энэхүү “зочид буудал” нь шавж байршуулах, нутагшуулах зориулалттай бичил байгууламж юм. Үүгээр дамжуулан хүүхэд багачууд төдийгүй олон нийтэд шавжийн ач холбогдол, экосистемийн үйлчилгээг таниулах боломжтой гэнэ. Германд сургууль, цэцэрлэгийн ойр орчимд ийм байгууламж элбэг бөгөөд хүүхэд, залууст экологийн боловсрол олгох байгалийн үзүүлэн, амьд орчин хэмээн үздэг байна.