Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, ерөнхий шаардлага MNS5633:2023 стандартыг өнгөрсөн онд баталж, мөрдөж буй. Уг стандартыг хангуулах, зуслангийн хүүхэд хамгааллын бодлого, амрах орчин, хооллох үеийн аюулгүй байдал, хөгжлийн хөтөлбөрийн агуулгыг сайжруулах зорилготой зөвлөн туслагчид өдгөө ажиллаж байгаа гэнэ. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Монголын үндэсний зуслангуудын холбооныхон хамтран уг ажлыг зохион байгуулж буй аж. Одоогоор орон нутаг дахь 23 зусланд зөвлөн туслагчид ажиллаж байгааг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас өчигдөр мэдээлэв. Тухайлбал, Төв, Архангай, Завхан, Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь зарим зуслан зөвлөн туслагчийн хяналт, дэмжлэгийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Тэд энэ сарын 20-ныг дуустал ажлаа үргэлжлүүлэх нь.
Ташрамд сонирхуулахад, өмнө дурдсан стандартаар бол зуслангууд нь хүүхдэд ээлтэй хөгжлийн орчин бүрдүүлэх ёстой. Мөн хүүхэд бүрийн оролцоог хангасан, мэдлэг, чадварыг нь сайжруулах чиглэсэн, бүтээлч зорилго бүхий хөгжлийн хөтөлбөртэй байна. Түүнчлэн мэргэшсэн хүний нөөц ажиллуулах, хүүхдэд эрүүл хоол хүнс, аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчлэх зэрэг заалтыг стандартад тусгажээ.
Бэлтгэсэн Ч.Зул