Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Засгийн газрын эхний 100 хоногт гурван зорилт бүхий бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Нэгдүгээрт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох чадамжтай улс, үндэстнийг бий болгох суурийг тавих гэнэ. Үүний хүрээнд сааруулах, дасан зохицох, тэсвэрлэх чадварыг сайжруулах, нүүрстөрөгч бага ялгаруулдаг үйл ажиллагааг дэмжсэн нийгэм, эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх нь. Хоёрдугаарт, байгалийн унаган төрхийг хадгалах, үүнд саад болж буй сөрөг нөлөөллийг бууруулах, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх чадамжтай хөгжлийн загварыг бий болгохыг чухалчилжээ. Энэ зорилттой уялдуулан экосистемийн тэнцвэрт, биологийн олон янз байдлыг хамгаалах ажлуудыг голчлон хийх аж. Гуравдугаарт, байгаль орчны салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан инновац, бүтээмжийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөжээ. Байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжсэн инновац, менежмент, удирдлагыг тогтолцоог эл салбарт нэвтрүүлэх замаар үүнийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн байна.
Бэлтгэсэн Н.Мишээл