Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэдгийг таслан зогсоохоо илэрхийлж байж. Түүнээс хойш хэдийн долоон жил өнгөрсөн ч гурван ээлжийг халж чадсангүй. Ирэх буюу 2024-2025 оны хичээлийн жилд ч сургуулиуд гурван ээлжээр хичээллэсээр байх нь. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч сургуулиудын ачааллыг хөнгөлж, гурван ээлжээр хичээллэдгийг зогсоохоо илэрхийлж байв. Түүний амлалт дөрөв дэх жилийнхээ ойтой золгох гэж байгаа юм. Дарга нар ийнхүү амладаг ч бодит байдалд хүүхдүүдийн сурах орчин нөхцөл төдийлөн сайжралгүйгээр хичээлийн шинэ жилээ угтах нь.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23 188 сурагч гурван ээлжээр хичээллэх төлөвтэй гэнэ. Үүнээс гадна дүүргэлт нь хэтэрсэн, нэг ангид 40 болон түүнээс олон хүүхэд суралцдаг сургууль Ховд, Төв, Дархан-Уул, Хөвсгөл, Орхон, Дорнод аймагт нийт долоо бий аж. Нийслэлийн тухайд анги дүүргэлт хэтэрсэн сургууль 22 байна.
Нөхцөл байдал хүнд хэвээрээ учраас ирэх намраас хүүхдүүд дахиад л түрээсийн байранд хичээллэх нь. Өнгөрсөн буюу 2023-2024 оны хичээлийн жилд нийт 27 байршилд байр түрээсэлж, сурагчдыг хичээллүүлжээ. Тэдгээрээс 13 түрээсийн байрыг ирэх намраас үргэлжлүүлэн ашиглах гэнэ. Түүнчлэн нэмж 16 байршилд сургуулийн зориулалтаар байр түрээслэхээс өөр аргагүй болжээ. Ингэснээр түрээсийн сургуулийн тоо өмнөх жилийнхээс хоёроор нэмэгдэх нь.
Нэмэлтээр байр түрээслэх шаардлагатай, хүүхдүүдийнх нь тоо стандартаас хэтэрсэн сургууль Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу 11 байна. Үүнээс гадна Хан-Уулд ес, Сонгинохайрханд тав, Баянголд дөрвөн сургуулийн ачаалал хэтэрчээ. Үүнтэй холбоотойгоор албаныхан ачаалал нь хэтэрсэн сургуулиудын ойролцоо түрээслэх байр хайж буй гэнэ.
Бэлтгэсэн М.Оч