Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III болон Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөрийн дагуу бичиж боловсруулсан “Монгол бичгийн гарын авлага”-ын цахим хувилбарыг төрийн албан хаагчдад зориулан гаргасан талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Уг гарын авлагыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс МОНЦАМЭ агентлаг, МУИС, МУБИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран бэлтгэжээ. Гэхдээ зөвхөн төрийн албан хаагч бус, монгол бичиг сурч, зөв уншиж, бичих, дүрмийн мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хүн бүр цахим номыг хэрэглэх боломжтой.
Ташрамд дуулгахад, 2015 онд баталсан Монгол хэлний тухай хууль болон Үндэсний бичгийн хөтөлбөрт төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах талаар тусгасан. Үүнийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх юм. Хугацаа дөхсөн тул төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийг сайжруулахаар холбогдох байгууллагууд цахим хувилбарыг гаргажээ.
Бэлтгэсэн Ч.Туяа