Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж эхэллээ.
Улаанбаатар хот дахь орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх шаардлагатай болжээ. Тиймээс энэ жил засварын ажлыг гүйцэтгэхдээ шугам хоолойг өргөтгөхөөр болсон гэнэ. Нийслэлийн хэмжээнд дулааны нийт 390 км гаруй урт шугам сүлжээ бий аж. Эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн настай юм байна.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу УДЭТ-аас МУБИС хүртэлх дулааны шугам сүлжээг засварлаж, шинэчлэх ажлыг өнгөрсөн мягмар гаргаас эхлүүлээд байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү “Бид 2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, зуны их засварын ажлаа энэ сарын 1-нээс эхлүүлсэн. Дулааны шугам сүлжээний засварын ажил хийж буй учраас зарим байршилд халуун ус хязгаарласан. Гэхдээ хүйтэн усыг хязгаарлалгүйгээр засварын ажлаа үргэлжлүүлж байна” гэв.
Бэлтгэсэн У.Сүрэн