Агаарын дундаж температур өнгөрсөн онд аж үйлдвэржилтийн өмнөх үе буюу 1850-1900 оны дунджаас 1.45 градус (± 0.12)-аар нэмэгдэж, удаан хугацаанд үргэлжилсэн хэт халах үзэгдлийн улмаас улс орнууд багагүй хохирол амссаныг Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээлж байв. Тэгвэл дэлхийн дундаж температур сүүлийн 12 сарын турш 1.5 хэмээс давж, хэт халах үзэгдэл улам эрчимжиж байгааг Коперникийн нэрэмжит Уур амьсгал судлалын газраас зарлалаа. Уур амьсгалын өөрчлөлтийн мониторингийн ERA5 системийн тооцооллоор 2023 оны долоодугаар сараас энэ жилийн зургаадугаар сар хүртэлх хугацаан дахь дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийн үзүүлэлтийг 1.64 градусаар давжээ. Дэлхийн цаг уурын түүхэнд температурын дээд утга ийм удаан хугацаанд, олон сарын турш дараалан эвдэгдсэн тохиолдол үгүй гэнэ. Тэрчлэн 2024 оны зургаадугаар сар бөмбөрцгийн түүхэн дэх хамгийн халуун сар болсныг судлаачид онцолж байна.
Дэлхийн улсууд Парисын хэлэлцээрийн дагуу агаарын дундаж температурын өсөлтийг урт хугацаандаа хоёр хэмээс доогуур байлгахаар тохиролцож, энэ зууны эцэс гэхэд 1.5 градусаар хязгаарлах зорилт дэвшүүлсэн. Харин сүүлийн жилүүдэд, ялангуяа 2023, 2024 онд агаарын температурын үнэмлэхүй их утга эвдэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө илүү ноцтой илэрч байгаа нь дээрх хэлэлцээрийн зорилтыг биелүүлэхэд улам хүндрэлтэй болгож буйг Дэлхийн цаг уурын байгууллагаас онцлов.