Засгийн газар 2022 оноос эхлэн 2-5 настай бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьж буй билээ. Харамсалтай нь, уг зорилтоо биелүүлэхийн тулд хүүхдүүдийг зориулалтын бус байранд хүлээн авах, нэг ангид хэт олноор нь сургах зэрэг асуудал өнгөрсөн жилүүдэд тулгарч байв. Эл нөхцөл байдал 2024-2025 оны хичээлийн жилд ч давтагдах төлөвтэй байна. Ялангуяа нийслэлд цэцэрлэгүүдийн нөхцөл хүнд хэвээр байх бололтой.
Тодруулбал, 2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 292 359 хүүхэд цэцэрлэгт хамруулах шаардлагатай аж. Үүнээс 142 150 хүүхэд нийслэлд бүртгэлтэй. Тэдэнд сургуулийн өмнөх боловсрол олгохын тулд өмнөх жилийн адилаар зарим байршилд цэцэрлэгийн байр түрээслэхээр судалж байгаа гэнэ. Өнгөрсөн хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 99 барилга, байгууламжийг цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлжээ. Үүнээс есөн барилга, байгууламжийн түрээсийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн аж. Түүнчлэн шинээр 12 байршилд цэцэрлэг түрээслэхээр төлөвлөжээ. Үүнд Баянгол дүүргийн 26, Баянзүрхийн 17, 26, 31, 36, 38, 39, 42, Хан-Уулын найм, 18, 21, 23 дугаар хороонд цэцэрлэгийн байр түрээслэх шаардлага үүссэн гэнэ. Дээрх байршлуудад нийт 2913 хүүхдийг хамруулах цэцэрлэг шаардлагатай юм байна.
Эдгээрээс гадна анги дүүргэлт ч асуудал дагуулсан хэвээрээ байх нь. Тухайлбал, дүүргэлт хэтэрсэн буюу нэг ангид 35-аас олон хүүхэд хүлээн авдаг цэцэрлэг орон нутагт 167 бий гэнэ. Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл аймагт ийм цэцэрлэг цөөнгүй юм байна. Нийслэлийн хэмжээнд анги дүүргэлт хэтэрсэн 122 цэцэрлэг байгаа аж. Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүрэгт нэг ангид олон хүүхэд хүлээн авдаг цэцэрлэг цөөнгүй гэнэ. Эдгээрийг хэрхэн шийдэх нь одоогоор тодорхойгүй байна.
Ташрамд дурдахад, өнгөрсөн хичээлийн жилд 2-5 настай нийт хүүхдийн 92.9 хувь нь цэцэрлэгт хамрагджээ.
Бэлтгэсэн Н.Оч