- Сурагчид математик, химийн хичээлээр хамгийн бага оноо авчээ -
Энэ жилийн элсэлтийн шалгалт УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн сүр дуулиан, залгуулаад Үндэсний их баяр наадмын хөл хөөрт дарагдаж, чимээгүйхэн болж өнгөрлөө. Орон даяар нийт 36 701 хүүхэд хүссэн сургуульдаа, сонгосон мэргэжлээ эзэмшихийн төлөө өрсөлдсөн билээ. Гэвч шалгалтын үр дүн тааруу гарав. Ялангуяа математик, химийн хичээлд хүүхдүүд хамгийн бага оноо авсан байна. Тодруулбал, математикийн шалгалтад оролцогчид 100 онооноос 24.3, химийн хичээлээр 25.3-ыг авсан нь 50 хувьд ч хүрэхгүй үзүүлэлт юм. Гэхдээ хачирхалтай нь математикийн хичээлээр хамгийн дээд буюу 800 оноог 31 сурагч авсан байна. Элсэлтийн шалгалтын шалгуулагчдын дүн оноог олон улсын дүн оноо боддог аргачлалын дагуу тооцож гаргажээ. Өөрөөр хэлбэл, сурагчийн авсан анхны хэмжээст оноо, проценталь, амжилтын чанарын индекс гэсэн үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэж гаргажээ. Математикийн хичээлийн дундаж болох 24.3 нь зарим багшийн тооцоолсноор “буудаад” авах дүн гэнэ. Зөв хариултыг нь мэдэхгүй ч өгөгдсөн хувилбаруудаас дугуйлахад дунджаар 22 оноо авч болохыг Дархан-Уул аймгийн математикийн багш Ш.Амартүвшин туршилтаар баталжээ. Ийм хангалтгүй, хатуухан хэлэхэд шалгалтад унасан хүүхдүүд их, дээд сургуульд элсэж, эмч, багш, инженер зэрэг мэргэжил эзэмшин, ирээдүйг тодорхойлно гэхээр боловсролын салбар доройтсоны илрэл юм.
СУРАГЧИД ЮУ СУРСАН БЭ
Эндээс нэг сонирхолтой баримт харж болохоор байна. Өнгөрсөн онд математикийн хичээлээр шалгалт өгсөн хүүхдүүдийн анхны оноо 27 байж. Харин энэ онд 24 болж, даруй гурван оноогоор буурчээ. Гэсэн хэдий ч 800 оноо авсан хүүхэд өмнөх жилийнхээс нэгээр илүү. Яагаад гэхээр өнгөрсөн онд уг хичээлээр шалгалт өгсөн хүүхдүүд арай дөнгүүр байсан гэсэн үг. Учир нь нийт шалгалт өгсөн хүүхдүүдийн авсан дүнгийн голчоор дундаж үнэлгээг гаргаж буй. Энэ байдлаараа цааш явбал Монгол Улсад математик, цаашлаад хими мэддэг хүн хэд байх бол. Жил бүр олон хүүхдийн мөрөөдлийг салхинд хийсгэдэг элсэлтийн шалгалтын агуулгыг эргэн харах шаардлагатай болжээ.
Шалгалт өгсөн нийт 4 хувь нь орон нутгийнх. Тэр дундаа хамгийн олон шалгуулагчтай нь Дархан-Уул. Хамгийн цөөн шалгуулагчтай нь Говьсүмбэр. Харин Улаанбаатар хотод Баянзүрх дүүрэг шалгалт өгсөн хүүхдийн тоогоор тэргүүлж, Налайх, Багахангай сүүл мушгижээ. Хот, хөдөөгийн боловсролын ялгаа жилээс жилд ихсэж буйг мэргэжилтнүүд хэлдэг. Боловсролын салбарыг толгойлогч, үе үеийн сайд нар ч энэ ялгааг үгүй болгоно, ядаж ойртуулна гэж амласаар өдий хүрлээ. Харамсалтай нь, боловсролын тэгш бус байдал улам даамжирсаар. Гэхдээ шалгалтын үр дүнгээс харахад хөдөөгийн сурагчид хотынхоос хол хаягдсан зүйл ажиглагдсангүй. Харин хичээлийн ялгаа харагдсан. Өөрөөр хэлбэл, математикийн шалгалтын тухайд хот, хөдөө ялгаагүй дундаж оноо нь 24-тэй байна. Англи болон орос хэлний хичээлээр хотын сурагчид хөдөөгийнхөөс хэдэн оноогоор илүү. Харин түүх, монгол хэл, газар зүйн хичээлээр орон нутгийн сурагчид дээгүүр үнэлэгдсэн байна.
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид 10 хичээлээр шалгалт өгсөн бөгөөд хамгийн олон буюу 23 мянган хүүхэд математикийг сонгосон. Гэвч хамгийн хангалтгүй дүн авсан. Харин орос хэлний хичээлээр хамгийн цөөн буюу 497 сурагч шалгуулсан ч өндөр оноо авчээ. Тодруулбал, нийслэлд орос хэлний шалгалтад 100 онооноос 70.2-ыг авсан нь бусад хичээлтэй харьцуулахад хамгийн өндөр нь болж буй. Орон нутагт ч ялгаагүй хамгийн өндөр анхны оноотой (59) хичээл орос хэл байна. Нэгдүгээр ангиасаа эхлэн 12 жилийн турш монгол хэл үздэг ч эл хичээлээр шалгалт өгсөн 11 791 хүүхдийн дундаж оноо 38.4. Энэ нь эх хэлээ мэдэхгүй байгаагаас өөрцгүй. Монголын түүхийн шалгалтад гэхэд сүүлийн хоёр жил дараалан 800 оноо авсан сурагч ганц ганц л байх. Шалгалтын үр дүнг энэ мэтээр дүгнэж, харьцуулахад халаглам. Сурагчид үнэхээр юу ч сурч мэдэхгүй байна уу, эсвэл элсэлтийн шалгалт гэгч , хүүхдүүдийг ташраар нь унагасан гэдэг нь асуудал.
“ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДҮНД ИТГЭХГҮЙ БАЙНА”
Элсэлтийн шалгалтын талаар холбогдох байгууллагынхан нь чимээгүй байгаа ч цахим орчинд шуугиан тасрахгүй байна. Шалгалт дууссаны дараа сурагчид тусгай байранд очиж, материалаа шалгагч машинаар уншуулснаар анхны оноогоо мэддэг. Үүний дараа шалгалтын хуудсаа хянагч нарт хураалгаад гардаг аж. “Шалгалт нэгэнт дуусчхаад байхад материалыг нууцлах шаардлагагүй, хүүхдүүдэд өгөх хэрэгтэй” гэж үзэх багш, эцэг, эх цөөнгүй байна. Гэвч материал өгөх нь бүү хэл, өнгөрсөн жилүүдийнхийг ч нууцалсан хэвээр. Өөрөөр хэлбэл, шалгалтын материалыг тусад нь хэвлэж худалддаг учир олдоц тааруу гэнэ. Шалгалтын сэдэв, агуулга нь ил тод байдаг бол сурагчдыг бэлдэхэд дөхөм гэж багш нар хэлсэн. Гэхдээ жил бүр сэдэв, агуулга нь өөрчлөгддөг аж. Элсэлтийн шалгалтын материал хүнд биш, харин алдаа ихтэй гэж хардах хүн цөөнгүй. Дараа нь хэл ам гарахаас сэргийлж, шалгалтын материалыг хав дардаг гэж үзэх нь ч байна. Ядаж материалыг нь хэрхэн зассаныг, зөв , эсэхийг сурагчид мэдэхийг хүсэж буй. Учир нь IELTS-д долоо, найм авсан хүүхэд элсэлтийн шалгалтад дөнгөж 600-гийн босго давах тохиолдол цөөнгүй.
Өөр нэг жишээ. Өмнөговь аймгийн нэгэн багш “Манай аймаг орон нутгаас IELTS болон SAT шалгалт өгч өндөр оноо авсан хүүхдүүд сая (Ерөнхийлөгчийн тэтгэлэг авахад өрсөлдөх зорилгоор) элсэлтийн шалгалт өгтөл гүйцэтгэлийн хувь, анхны оноо нь бүгд тааруу гарсан. Тиймээс сурагчид маань олон улсын шалгалтын оноогоороо дүйцүүлэх сонголт хийлээ. Гэтэл Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төв энэ жил дүйцүүлэх журмыг өөрчилж, босгыг өндөрсгөсөн. Шинэ журмаар IELTS-ын 7.5-аас дээш буюу С1+ түвшинтэй, SAT-ын 750-иас дээш оноог элсэлтийн шалгалтын 800 оноонд дүйцүүлнэ гэсэн. Гэтэл өндөр оноо авсан хүүхдүүд элсэлтийн шалгалтад “үсэрчихлээ”. Олон улсын шалгалтыг “аргалж”, хуурамчаар өндөр оноо авах боломжгүй. Тэгэхээр манай шалгалтын агуулга эргэлзээ ихтэй, алдаа мадагтай, эсвэл сурах бичгийн агуулгатай огт нийцэхгүй байна” хэмээн цахим хуудсандаа бичжээ. “Ийм л учраас олон улсын стандарт шалгалтуудад хүүхдээ бэлдэхийг уриалдаг. Ядаж гадаадад хүлээн зөвшөөрнө. Гэтэл элсэлтийн шалгалтын дүнг хилийн чанадад зөвшөөрөхгүй шүү дээ” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Хүүхдүүдийг 12 жилийн турш юу сурсныг нь шалгаж байгаа юм бол үнэн бодитой үнэлэх хэрэгтэй. Азтан шалгаруулж буй мэтээр тест бөглүүлэх нь өрөөсгөл. Үнэхээр бодож чадаж байна уу, эсвэл тааж дугуйлсан уу гэдэг асар ялгаатай гэх хүн ч байв.
2022 оноос олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын дүн оноотой дүйцүүлж эхэлсэн. Жил ирэх тусам дүйцүүлэх хүсэлт өгөх иргэдийн тоо нэмэгдсээр байгааг Боловсролын үнэлгээний төвийнхөн онцолдог. Энэ удаа англи хэлний шалгалтыг 1090, математикийнхыг 1275 шалгуулагч дүйцүүлжээ. Шалгалттай холбоотой гомдол санал гарсан, эсэхийг Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас тодруулахад “Энэ сарын 8-9-нийг хүртэл өргөдөл, гомдол хүлээж авсан. Нийт 250 гаруй өргөдөл ирсэн. Шалгуулагчийн шалгалтын хариултын хуудсыг татан авч гараар засаж, оноог тулган хариуг шийдвэрлэсэн” гэв.
Элсэлтийнхээс гадна анги дэвших болон улсын шалгалт, цаашлаад багшийн гүйцэтгэлийн үнэлгээ хүртэл хэл ам дагуулдаг. Цэцэрлэгийн багачуудаас эхлээд эцэг, эхчүүдийг ч багагүй сандаргаж, хэдэн багш нарыг урамшуулах нэрээр уралдуулдаг билээ. Ингэхдээ сурагчдаас авсан шалгалтын материал нь алдаатай байсныг олон нийт шүүмжилж байв. Анхнаасаа алдаатай материалаар авсан шалгалтын үр дүн ямар гарах нь тодорхой. Салбарын яамныхан нь дэлхийн боловсрол, цахим шилжилт ярихаасаа өмнө тогоон доторхоо өнгийж харах цаг болжээ. Олон хүүхдийн ирээдүйг шийдэж буй элсэлтийн шалгалтын жор таарсан, эсэх, алдаа мадаг байсан, үгүйг ил тод болгох хэрэгтэй. Түүнээс шалгалт аваад л тас нуучихдаг баймааргүй байна.