Монгол сурагчид 35 дахь удаагийн олон улсын биологийн олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ. Олон улсын биологийн олимпиадыг Казахстан улсын Астана хотод энэ сарын 7-14-нд зохион байгуулсан юм. Уг олимпиадаас “Шинэ-Үе” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Мишээл, МУИС-ийн “Байгаль-Эх” лицей сургуулийн сурагч Г.Ирээдүй нар хүрэл медаль хүртжээ. Г.Мишээл нь Азийн бүсийн биологийн олимпиадаас өнгөрсөн сард мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Эл олимпиадын даалгавруудыг биохими, молекул биологи, био информатик болон амьтны анатоми, физиологийн чиглэлээр бэлтгэсэн гэнэ. Дөрвөн дадлага ажил нь 12, онолын шалгалтын хэсэг нь зургаан цаг үргэлжилсэн юм байна.
Олон улсын биологийн олимпиадад оролцох сурагчдыг бэлтгэгч багш нарын бүрэлдэхүүнд МУИС-ийн Биологийн тэнхимийн эрхлэгч, профессор Л.Ариунцэцэг, профессор Б.Болдгив, дэд профессор Г.Баярмаа, “Шинэ-Үе” сургуулийн багш, магистр Д.Чинзориг нар ажилласан аж.
Ташрамд дурдахад, манай сурагчид өнгөрсөн онд зохион байгуулсан 34 дэх удаагийн олон улсын биологийн олимпиадаас мөн л хос хүрэл медаль хүртэж байлаа. “Шинэ-Үе” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Мишээл, “Шинэ-Эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т. Намуун нар тухайн үед хүрэл медаль хүртсэн юм. Мөн МУИС-ийн “Байгаль-Эх” лицей сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Ирээдүй тусгай байр эзэлж байсан аж. Ийнхүү тэд амжилтаа бататгаж, энэ жил дахин хос хүрэл медаль авлаа.