Манай орны зүүн бүсийн болон ой бүхий аймгуудад түймэр гарч, багагүй хэмжээний талбай галд өртсөнийг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг, Шар нуур хэмээх газарт энэ сарын 3-нд гарсан түймрийг унтраахаар аврагч, гал сөнөөгч, хилийн цэргийн алба хаагч, байгаль хамгаалагчид 13 дахь өдрөө ажиллаж байгаа гэнэ. Түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдад ОБЕГ-аас хүнс, хувцас хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлсийг нисдэг тэргээр хүргэж, дэмжлэг үзүүлсэн ч галын тархалтыг хязгаарлахад бэрхшээлтэй байгааг орон нутгийнхан хэлжээ.
Түүнчлэн энэ сарын 14-нд Дорнод аймгийн Халхгол сумын Тамсаг булаг, Сэлэнгийн Хүдэрийн Цагаан зүрийн гол гэдэг газарт хээрийн болон ой, хээрийн түймэр гарсан байна. Халхголд дэгдсэн түймрийг алба хаагчид дуудлага хүлээн авснаас 10 цаг орчмын дараа бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар 19 250 га талбай өртсөнийг тогтоосон аж. Харин Хүдэр сумын төвөөс 30 орчим км-ийн зайд гарсан ой, хээрийн түймрийг 12 цаг гаруйн дараа цурамд оруулж, аюулгүй болгожээ. Үүнд дунджаар гурав орчим га талбай хуйхлагдсан байна. Тэрчлэн долоодугаар сарын 15-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумд гарсан хээрийн түймэрт 200 гаруй га газар шатжээ. Орон нутгийн иргэд энэ талаарх дуудлагыг холбогдох байгууллагуудад тухайн өдрийн 09.10 цагт ирүүлсэн бол алба хаагчид үүнээс гурван цагийн дараа түймрийг бүрэн унтраасан гэнэ. Хөвсгөлийн их тайгад гарсан түймрийг одоо хүртэл бүрэн унтраагаагүй учир хэдий хэр хэмжээний газар галд хуйхлагдсаныг тогтоогоогүй буй. Харин Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэд дэгдсэн түймэрт 19 453 га талбай өртсөнийг урьдчилсан байдлаар тогтоогоод байна.