Ган гачиг ихтэй говийн бүсийн аймгуудад үргэлжилсэн, ус ихтэй бороо орж, газрын цангаа тайлагдсаныг орон нутгийн цаг уурын байгууллагынхан мэдээлж байна. Тодруулбал, энэ сарын 14-15-нд Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговийн нийт нутгаар усархаг бороо оржээ. Долоодугаар сарын 15-ны 08.00 цагийн байдлаар Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй сумд хамгийн их буюу 70, Даланзадгадад 53, Баяндалайд 49, Гурвансайхан, Сайханд 48 мм хур тунадас орсныг тогтоосон аж. Говийн бүсийн нутгуудад жилд дунджаар 90 гаруй мм хур тунадас ордог бол энэ хоёрхон өдөрт зарим бүсэд үүний 50-иас дээш хувьтай тэнцэхүйц хэмжээний бороо орсныг цаг уурчид мэдээлэв. Тодруулбал, энэ зун говьд олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас оржээ.
Олон цагийн турш үргэлжилсэн борооны улмаас зарим газарт гамшгийн нөхцөл байдал үүссэн байна. Даланзадгад сумын нутаг дэвсгэрт дэх авто зам, инженерийн шугам сүлжээ үерийн улмаас эвдэрч, олон айлын хашаа, байшин, гэр усанд автжээ. 14, 15-нд тус аймгийн Онцгой байдлын газарт үер устай холбоотой 70 гаруй дуудлагыг иргэдээс ирүүлжээ. Цогтцэций сумын төв дэх авто замын зарим хэсэг, гэр хорооллын гудамж, талбай нэлэнхийдээ усанд автсан гэнэ. Орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид аж ахуйн нэгжүүдтэй хамтран иргэдийн дуудлага, мэдээллийн дагуу гудамж, талбайд үүссэн тогтоол усыг соруулах, суваг шуудуу гаргах, далан босгох ажлыг энэ өдрүүдэд зохион байгуулжээ.
Тэрчлэн үерээс болж авто зам, замын байгууламжууд эвдэрч, сүйдсэн тохиолдлууд гарсан байна. Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 295 км орчимд үер бууж, далан, шуудуу нь нурах эрсдэл нүүрлэжээ. Мөн Даланзадгад-Баяндалай чиглэлийн авто замын 64, Даланзадгад-Шивээхүрэнгийн 59-74 км орчим дахь хөвөө, далан усанд угаагдан, эвдэрснийг орон нутгийн холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлэг болгож мэдээлсэн юм. Авто замууд усанд автаж, эвдэрснээс жуулчид Ёлын ам, Баянзаг зэрэг газар луу зорчих боломжгүйд хүрч, саатсаныг ч орон нутгийнхан хэллээ.