Нийслэлийн Байгаль орчны газраас 2012 оноос Туул голын эко системийг сайжруулах, усны урсацыг байгалийн аргаар сэргээх зорилгоор минжийг зориулалтын аргаар өсгөж, үржүүлэн байгальд нутагшуулах ажлыг хэрэгжүүлж буй. Баянзүрх дүүрэгт байрлах үржүүлэх төвд одоогоор 41 минж бойжиж байна. 2012-2024 онд Туул гол түүний цутгал Заан, Тэрэлж голуудад 77 минжийг нутагшуулж жил бүр нутагшилтын байдалд хяналт мониторинг хийдэг аж.
Минжний төрөл зүйлийг 15 сая орчим жилийн өмнө үүссэн гэж үздэг. Дэлхий дээр хоёр зүйлийн минж амьдардаг байна.
1. Хойд Америкт тархсан Канадын минж (Castor canadensis)
2. Европ, Азид тархсан Евразийн минж (Castor fiber)
Евроазийн минж нь дотроо хэд хэдэн салбар зүйлтэй. Үүний нэг нь манай орны Булган голд тархсан Азийн минж хэмээх салбар зүйл (Castor fiber birulai) юм. Минж Монгол улсын Улаан номд хязгаарлагдмал тархацтай, нэн ховор зүйл гэсэн статустайгаар бүртгэгджээ.
Эх сурвалж: НБОГ